Тендер: БЗС 400 саяар зөвлөх үйлчилгээ авна www.news.mn
Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болгон өөрчлөн зохион байгуулахтай холбоотой судалгаа хийх, хуулийн төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээнд 400 сая төгрөг зарцуулахаар болжээ. Энэ ажлыг Боловсролын яамнаас зарласан бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичигт зөвлөх үйлчилгээг 30 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тусгасан байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд Боловсролын зээлийн сангийн өнөөгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тогтолцоонд үүссэн хүндрэл, доголдлыг тодорхойлох юм.
Мөн олон улсын тав ба түүнээс дээш орны боловсролын сангийн үйл ажиллагааг судалж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой хувилбаруудыг боловсруулах аж.
Түүнчлэн сангийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, зээлийн эргэн төлөлт, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн тогтолцоог шинэчлэх санхүүгийн загвар гаргана. Үүнээс гадна оюутнууд хүсэлтээ цахимаар илгээх, зээлийн үлдэгдэл болон төлөлтийн түүхээ харах, сонгон шалгаруулалтыг цахимжуулах системийн техникийн шаардлагыг боловсруулах юм байна.
Эдгээр судалгаа, тооцоонд үндэслэн Боловсролын хөгжлийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулж, холбогдох бусад хууль, журмын өөрчлөлтийн саналыг бэлтгэхээр төлөвлөжээ.
Тендерийн баримт бичигт зөвлөх баг хууль эрх зүй, санхүү, хөрөнгө оруулалт, боловсрол судлал, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдэхээр заасан байна.
Тендер хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 10:00 цаг бөгөөд ажлыг гэрээ байгуулснаас хойш 30 хоногт багтаан дуусгах юм.
Нийтэлсэн огноо2026-11-12





