1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

З.Мэндсайхан: Ирэх оны төсвийн орлогыг уул уурхайн салбар дээр тулгуурлаж олно www.itoim.mn

Сангийн сайд З.Мэндсайхан 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл эцэслэн батлагдсантай холбоотойгоор мэдээлэл өглөө.
Засгийн газраас 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлоготой, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар анх өргөн мэдүүлсэн. Харин УИХ-ын гишүүд болон ажлын хэсгээс гаргасан саналын дагуу 2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн баталлаа. Төсвийг эцэслэн батлах санал хураалтад 111 гишүүн оролцсоноос 91 нь буюу 82 хувийн саналаар баталлаа.
Сангийн сайд З.Мэндсайхан "УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 2027 оны төсөв иргэдийн бодит орлогыг хамгаална, эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулна, хувийн хэвшлийн татвар, санхүүжилтийн ачаа дарамтыг бууруулна, эрчим хүч, үйлдвэрлэл, зам, логистикийн хоцрогдлыг нөхнө, орон нутагт илүү эрх мэдэл, төсвийн боломж олгоно.
Иргэдийнхээ орлого, нийгмийн хамгааллыг сайжруулна, орлогыг зөвхөн цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхээс гадна татварын ачааллыг нь бууруулж хамгаална.
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 562 мянган хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. Мөн 2026 оны арваннэгдүгээр сард олгож эхэлсэн суурь тэтгэврийг ирэх онд үргэлжлүүлэн бүтэн жилээр олгоно. Ингэснээр 430 мянган ахмад сар бүр 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600 мянган төгрөгт, ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж мөн 600 мянган төгрөгт хүргэнэ.
Асаргааны тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 370 мянган төгрөгт, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг мөн 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 524 мянган төгрөгт хүргэнэ.
Иргэд сарын цалингийнхаа эхний 792 мянган төгрөгт орлогын татвар төлөхгүй. Цаашлаад 2028 оноос 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх цалингийн орлогод нэг хувийн татвар ногдуулна. Ингэснээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ. Нийт нэг сая орчим иргэний татвар, шимтгэлийн ачаалал нэг их наяд төгрөгөөр хөнгөрөхөөр тооцсон.
2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалингийн сүлжээг 20 хувиар нэмэгдүүлнэ. Энэ шийдвэрт 211 мянга гаруй төрийн албан хаагч хамрагдана.
Дараагийн чухал асуудал бол хүүхдийн боловсрол, иргэдийн эрүүл мэнд
Боловсролын салбарт өмнөх онуудаас хамгийн өндөр буюу 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэнэ. Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Үүний дотор 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрны төсөл шинээр эхэлнэ. Ингэснээр сургуулийн ачааллыг бууруулж, хүүхдүүд гэртээ ойр, илүү сайн орчинд сурч боловсрох боломжийг нэмэгдүүлнэ. Мөн бүсүүдэд төрөлжсөн ахлах сургуулийн дөрвөн дотуур байр барина.
Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194 тэрбум 400 сая төгрөгөөр нэмэгдүүлнэ.
Ингэснээр хүүхдийн хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахаас гадна 6 болон 7 ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт шинээр хамруулна.
Иргэдийнхээ эмчилгээ, эмийн зардлыг бууруулж, эрүүл мэндийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй болгоно
Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 69 төсөлд 264 тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилт хийнэ. Үүний дотор улсын хэмжээнд 44 эмнэлгийн төсөл хэрэгжинэ. Зүрх судасны үндэсний төв, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, Эх нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын гуравдугаар эмнэлгийн шинэчлэл зэрэг томоохон төслүүдийг үргэлжлүүлнэ. Эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэхийн зэрэгцээ тоног төхөөрөмжөөр хангаж, иргэд эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна.
Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлнө.
Бизнес эрхлэгчдээ бодитоор дэмжинэ
Жилийн борлуулалтын орлого нь хоёр тэрбум 500 сая төгрөг хүртэлх жижиг, дунд бизнесийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлнө. Өмнө нь энэ хөнгөлөлт нэг тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгжид хамаардаг байсан. Мөн жилийн 6-10 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татварыг 25 хувиас 15 хувь болгож бууруулна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, татвар төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулах боломж бүрдүүлнэ.
Гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жил чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд нь татвар, шимтгэлийн дарамтыг бууруулж байна.
Татварын хөнгөлөлтөөр зогсохгүй, жижиг, дунд бизнес болон дундаж орлоготой иргэдийг дэмжихэд шинээр 1.1 их наяд төгрөгийн зээлийн бүтээгдэхүүн гаргаж, зургаан мянга гаруй бизнес эрхлэгчид жилийн 10 хувийн хүүтэй санхүүжилт олгохоор зорьж байна. Мөн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх төхөөрөмж, нарны зайн хавтан зэрэг ногоон технологийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, цахилгаан автомашины цэнэглэх өртөө байгуулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Энэ шийдвэр маань ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.
Ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого өсөхийн тулд үйлдвэр, дэд бүтэц сайжрах ёстой. Тиймээс бид 2027 онд дэд бүтэц, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад онцгой анхаарч байна. Улсын болон орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг нэгтгэн нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ.
Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төсөлд бараг 4 их наяд төгрөг зарцуулна Эдгээрийн 435 нь шинээр эхлэх, 508 нь өмнөх онуудаас үргэлжилж байгаа төсөл юм.
Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн бараг 60 хувийг өмнө нь эхэлсэн төслүүдээ үргэлжлүүлж, дуусгахад зориулна. Учир нь бүтээн байгуулалтыг эхлүүлэхээс гадна хугацаанд нь дуусгаж, иргэдийн хэрэглээнд оруулах нь хамгийн чухал. Шинээр эхлэх төслүүдийг ч нэгээс гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Анхаарал хандуулах салбарын нэг бол зам тээвэр, эрчим хүч юм
Зам тээврийн салбарт 136 төсөл хэрэгжүүлж, 910 тэрбум 700 сая төгрөгийн санхүүжилт хийнэ. Авто замын сүлжээг 375 километрээр нэмэгдүүлэх зорилт тавьсан. Увс, Ховдыг холбох 163 километр, Завхан, Говь-Алтайг холбох 198 километр авто замын төслүүдийг үргэлжлүүлнэ. Эдгээр зам ашиглалтад орсноор иргэдийн зорчих нөхцөл сайжирч, ачаа тээврийн зардал буурч, орон нутгийн бизнес, худалдаа хөгжих боломж нэмэгдэнэ.
Эрчим хүчний салбарт 39 томоохон төсөл хэрэгжүүлнэ. Цахилгаан станц, дамжуулах шугамын төслүүдийг урагшлуулж, ТЭЦ-5, ТЭЦ-6 цахилгаан станцыг барьж, эрчим хүчний хүчин чадлыг үе шаттайгаар 800 мегаваттаар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг үргэлжлүүлж, Улаанбаатар хот болон орон нутгийн цахилгаан, дулаан хангамжийг сайжруулахад анхаарна. Мөн Хавирга, Бичигт, Цагаандэл-Уул, Булган, Цагааннуур зэрэг боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ. Боомт, зам, төмөр зам, эрчим хүчний хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэл, экспорттой уялдуулна.
Бид түүхий эдээ зөвхөн экспортлох биш, дотооддоо боловсруулж, илүү үнэ хүргэн борлуулахыг дэмжинэ
Газрын тос боловсруулах үйлдвэр, Баруун бүсийн арьс ширний үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг урагшлуулна. Ноос, ноолуур, арьс шир, мах, сүү зэрэг бүтээгдэхүүнээ дотооддоо боловсруулж, илүү үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ. Экспортын орлогыг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Монголын бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны таван улсын зах зээлд гаргах боломжийг өргөжүүлнэ.
Хөрөнгө оруулалтыг мөн ажлын байр, өрхийн орлого, бизнесийн боломж гэж харах хэрэгтэй
Ирэх онд улсын төсөв болон гадаад зээл, тусламжийн хөрөнгө оруулалтын төслүүдэд гурван мянга гаруй компани үндсэн болон туслан гүйцэтгэгчээр оролцоно. Эдгээр бүтээн байгуулалтаар дамжуулан 90 мянга гаруй ажлын байрыг хадгална гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын үр өгөөж барилгын компаниудаар зогсохгүй, тэдэнд бараа, үйлчилгээ нийлүүлдэг олон мянган бизнес, тэнд ажиллаж буй иргэд, гэр бүлд нь хүрнэ.
Орон сууцтай болох хүсэлтэй өрхүүдэд шинэ боломж нээнэ
Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлж, гадаад, дотоодоос 500 сая хүртэлх ам.долларын шинэ санхүүжилт татна. Ингэснээр 16 мянган өрхийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан. Мөн хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд 6 хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй орон сууцны зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ.
Урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулах, түрээслээд өмчлөх зэрэг сонголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зээл авах үйл явцыг ил тод болгоно.
Иргэд анх удаа өмчилсөн орон сууцаа худалдсан тохиолдолд борлуулалтын орлогод ногдох хоёр хувийн татвараас чөлөөлөгдөнө.
Орон нутгийн иргэдэд шийдэх эрх, төсвийн боломжийг нь нэмэгдүүлнэ
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50 хувийг иргэдийн саналд үндэслэн зарцуулна. Үлдсэн 50 хувийг тухайн орон нутаг өөрийн хамгийн чухал хэрэгцээнд зориулна. Агаарын бохирдлын төлбөрийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, бохирдлыг бууруулах ажилд зарцуулах боломж бүрдүүлнэ. Мөн цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, усны нөөцөө хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах ажлыг бодит санхүүжилттэй холбоно.
Төрийн өмчийн компаниудын хариуцлага, үр ашгийг  нэмэгдүүлнэ
Төрийн өмчит компаниудын удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулж, ажлын үр дүнг нь жил бүр үнэлнэ. Арилжааны чиглэлийн төрийн өмчит компаниуд хуваарилж болох цэвэр ашгийнхаа 30-аас доошгүй хувийг ногдол ашигт хуваарилдаг болно. Ингэснээр төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлж, төсөвт төвлөрөх орлогыг өсгөнө.
2027 оны төсвийн зорилго маш тодорхой. Иргэдийнхээ орлогыг хамгаална. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох, иргэдийнхээ эрүүл мэндээ хамгаалах боломжийг сайжруулна. Бизнес эрхлэгчдэдээ илүү таатай орчин бүрдүүлнэ. Ирээдүйн өсөлтийн суурь болох эрчим хүч, зам, үйлдвэрлэлд хөрөнгө оруулна.
Ирэх оны төсвийн орлогыг уул уурхайн салбар дээр тулгуурлаж олно. Бидний харж байгаагаар Ганц мод-Гашуунсухайт төмөр зам ашиглалтад орсноор 20-30 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн нэмж гарах боломжтой болж байна" гэлээ.

Батхуяг МӨНХЗУЛ

Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-11-14