Тендер: Коксжуулах технологийн туршилтад 1.1 тэрбумыг зарцуулна www.news.mn
Дотоодын түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордын нүүрсийг коксжуулах, дайвар бүтээгдэхүүн гарган авах технологийн бүрэн хэмжээний туршилт, судалгааны ажил гүйцэтгүүлэх тендер зарласан байна. Уг тендерийн төсөвт өртөг 1.1475 тэрбум төгрөг бөгөөд судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэх компанид санхүүгийн болон мэргэжлийн туршлагын шаардлага тавьжээ.
Тухайлбал, тендерт оролцогч нь сүүлийн гурван жилийн аль нэг жилд төсөвт өртгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх борлуулалтын орлоготой, нүүрс коксжуулах болон дайвар бүтээгдэхүүн гарган авах чиглэлээр ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх ёстой. Мөн төслийн удирдагч, зөвлөх инженер, технологийн инженер, геологич, эдийн засагч зэрэг мэргэжлийн хүний нөөцтэй байх шаардлага тавьсан байна. Тендерийн материалыг арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авч, мөн өдөр 10:10 цагт нээхээр товложээ.
Эргэн сануулахад, ирэх өвлийн галлагаанд зориулж 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах тендерийг “Тавантолгой түлш” ХХК 288.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр зарлаж, БНХАУ-ын компанид гэрээ байгуулах эрх олгосон байдаг.
Тодруулбал, тус тендерт дөрвөн аж ахуйн нэгж үнийн санал ирүүлснээс БНХАУ-ын “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Developments Ltd Wuzhou Branch” компани 288 тэрбум 386 сая төгрөгийн санал гаргаж шалгарсан юм. Тус компанид энэ сарын 11-нд гэрээ байгуулах эрх олгосон юм.
Тус тендерийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор оролцогц компани гомдол гаргасан ч, гомдлоо татан авсан. Хагас коксон түлшний татан авалт хэвийн үргэлжилж байгаа гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва НИТХ-ын ээлжит IX хуралдааны үеэр мэдээлсэн юм.
Нийтэлсэн огноо2026-11-17





