Гаднын хэвлэлүүд Монголын улс төрийн тогтворгүй байдал, авлига, эрх баригч намын дотоод тэмцэл зэргийг хөнджээ www.itoim.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасанд олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд уг үйл явдлыг мэдээлэхдээ зөвхөн Ерөнхийлөгчийн огцрох мэдэгдлийг бус, Монголын улс төрийн тогтворгүй байдал, авлигын асуудал, эрх баригч намын дотоод тэмцэл болон гадаадын хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөөлөл зэргийг өөр өөр өнцгөөс хөнджээ.
Reuters: Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг парламент шийдвэрлэнэ
Их Британийн Reuters агентлаг арваннэгдүгээр сарын 17-нд Монголын Ерөнхийлөгч авлигын хэрэгт холбогдсон гэх буруутгалын дараа огцрохоо мэдэгдсэнийг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлэлд Монголын сөрөг хүчин болох Ардчилсан нам эрх баригч МАН-ын удирдлагуудыг авлига, албан тушаалын нөлөөг урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгааг дурдсан байна. Мөн У.Хүрэлсүхийн мэдэгдлээс “Үнэнийг тогтоохын тулд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэсэн Ардчилсан намын байр суурийг би дэмжиж байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, шалгуулаад нэр төрөө сэргээлгэнэ” гэсэн хэсгийг эшилжээ.
Түүнчлэн Reuters Монголын хуулиар Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг 126 гишүүнтэй Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх ёстойг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч огцрохоо мэдэгдсэн ч парламентын шийдвэр гарах хүртэл бүрэн эрх нь хэвээр үргэлжлэхийг мэдээлэлдээ тодотгожээ.
Reuters-ийн уг мэдээг ThePrint, Yahoo News зэрэг олон улсын хэвлэлүүд мөн дамжуулан нийтэлсэн байна.
Associated Press: Авлигын гэх буруутгал эрх баригч намын дотоод фракцуудын зөрчилтэй холбоотой
АНУ-ын Associated Press агентлаг уг үйл явдлыг илүү дэлгэрэнгүй сурвалжилж, Ерөнхийлөгчийг буруутгасан хүн нь сөрөг хүчний бус, өөрийнх нь харьяалагддаг эрх баригч МАН-ын өөр фракцын төлөөлөл болохыг онцолжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын Засаг дарга асан Х.Нямбаатар арваннэгдүгээр сарын 14-нд У.Хүрэлсүхийг 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээг Бодь Интернэшнл компанид өрсөлдөөнт сонгон шалгаруулалтгүйгээр олгоход нөлөөлж, үүнийхээ төлөө 25 сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгасан юм.
AP агентлагийн нийтлэлд Монгол Улсын Их Сургуулийн багш Г.Мөнх-Эрдэнийн байр суурийг мөн тусгажээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн огцрох шийдвэрийг олон нийтийн өмнө шударга, нэр төртэй улс төрчийн дүр төрхөө хадгалах, цаашид өөр албан тушаалд нэр дэвших боломжоо нээлттэй үлдээх улс төрийн алхам байж болох талаар тайлбарласан байна.
Шинжээч мөн У.Хүрэлсүх 2021 онд Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан түүхийг дурджээ. Иймээс энэ удаагийн шийдвэрийг зөвхөн одоогийн албан тушаалаасаа татгалзсан үйлдэл бус, цаашдын улс төрийн нөхцөл байдалтай холбон авч үзэж болохыг илэрхийлсэн байна.
Үүнээс гадна AP агентлаг Монголын улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг хөндөж, эрх баригч намын дотоод зөрчлийн улмаас ердөө есөн сарын хугацаанд гурван Ерөнхий сайд солигдсоныг онцолжээ.
Тус агентлагийн нийтлэлд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан өөрийг нь сэжиг бүхий хүмүүс дагаж мөрдөж байгаа талаар мэдэгдсэн, цаашид төрийн нууцын халхавчаар нуун дарагдуулсан авлигын бусад асуудлыг ил болгоно гэж амласан тухай ч дурдсан байна.
AFP: Монголын улс төрийн хямрал Ерөнхийлөгчийн түвшинд хүрэв
Францын Agence France-Presse агентлаг Ерөнхийлөгчийн огцрох мэдэгдлийг авлигын гэх буруутгал болон сөрөг хүчний зүгээс тавьсан огцруулах шаардлагатай холбон мэдээлжээ.
AFP-ийн нийтлэлд У.Хүрэлсүх өөрийг нь маш ноцтой гэмт хэрэгт хилсээр буруутгаж, нэр төрд нь халдаж байгаа ч үнэнийг тогтоолгохын тулд төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр шийдсэн тухай мэдэгдлийг онцолсон байна.
Мөн төмөр замын төслийн гэрээг 2019 онд Бодь Интернэшнл компанид олгосон, үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг авлига авсан гэж буруутгаж буй нөхцөл байдлыг тайлбарлажээ. Гэхдээ тус компани хахууль өгсөн гэх мэдээллийг няцааж, нэр хүндэд нь халдсан үндэслэлгүй мэдэгдэл хэмээн үзэж байгааг мөн дурдсан байна.
AFP Монголын улс төрийн нөхцөл байдлыг зөвхөн энэ удаагийн дуулианаар хязгаарлалгүй, өмнөх авлигын эсрэг жагсаал, эрх баригчдын дотоод зөрчил, улс төрийн удирдлагуудын ойр ойрхон солигдсон байдалтай холбон авч үзсэн байна.
Financial Times: Улс төрийн хямрал гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлж болзошгүй
Их Британийн Financial Times (FT) сонин Ерөнхийлөгчийн огцрох мэдэгдлийг Монголын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын орчинтой холбон авч үзжээ.
Тус сонин Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Монголын нүүрсний экспортыг БНХАУ руу нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл болохыг онцолсон байна. Уг төслийн гэрээтэй холбоотой авлигын гэх дуулиан нь зөвхөн улс төрийн асуудал бус, уул уурхайн салбарт шаардлагатай томоохон хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд нөлөөлөх эрсдэлтэйг хөнджээ.
Мөн Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос, тэр дундаа БНХАУ-ын зах зээлээс ихээхэн хамааралтай эдийн засагтай тул улс төрийн тогтвортой байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалахад чухал болохыг шинжээчдийн байр суурьтай холбон тайлбарласан байна.
FT-ийн мэдээлснээр, Монголд улс төрийн дуулиан, албан тушаалтнуудын солигдолт давтагдах нь тус улсын ашигт малтмалын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн салбараас хамааралтай байдлаа бууруулахад шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хүндрэл учруулж болзошгүй аж.
TASS: Монголын Ерөнхийлөгчийн үүргийг парламентын дарга түр хэрэгжүүлнэ
ОХУ-ын төрийн мэдээллийн TASS агентлаг Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн огцрох мэдэгдлийн дараах Үндсэн хуулийн зохицуулалт, төрийн эрх шилжүүлэх үйл явцыг голлон мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хуралд хүргүүлж, арваннэгдүгээр сарын 18-нд Төрийн байгуулалтын байнгын хороо, 19-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.
Хэрэв парламент Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авбал УИХ-ын дарга С.Бямбацогт шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл төрийн тэргүүний үүргийг түр хэрэгжүүлэх бөгөөд дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгууль явуулах шаардлагатайг TASS онцолжээ.
Xinhua: Монголын Ерөнхийлөгч нэр төрөө сэргээхийн тулд огцрох хүсэлт гаргав
БНХАУ-ын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлэлд Ерөнхийлөгч өөрийнх нь нэр хүндэд халдах, төрийн тэргүүний институцийн нэр хүндийг унагах оролдлого сүүлийн үед гарч байгааг мэдэгдээд, буруутай этгээдүүдийг холбогдох байгууллагад шалгуулах, өөрийн нэр төрийг сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг онцолсон байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу түүний огцрох хүсэлтийг хүлээн авах эсэх эцсийн шийдвэрийг 126 гишүүнтэй Улсын Их Хурал гаргахыг тайлбарлажээ.
Синьхуа агентлаг У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар төрийн тэргүүнээр сонгогдсоныг мөн дурдсан байна.
Тус агентлагийн мэдээг Хятадын China Daily сонин мөн эш татан нийтэлжээ.
Kyodo News: Монголын Ерөнхийлөгч авлигын буруутгалыг няцааж, огцрохоо мэдэгдэв
Японы Kyodo News агентлаг Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авлигын хэрэгт холбогдсон гэх буруутгалыг няцааж, нэр төрөө сэргээхийн тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахаа мэдэгдсэнийг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлэлд Ерөнхийлөгч өөрийг нь гүтгэн доромжилж байгаа ч холбогдох шалгалтад хамтран ажиллаж, үнэн мөнийг тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг онцолжээ.
Kyodo News Монголын улс төрийн нөхцөл байдлыг тайлбарлахдаа эрх баригч намын дотоод зөрчил, авлигын асуудал, Засгийн газрын удирдлагуудын ойр ойрхон солигдсон байдлыг мөн хөндсөн байна.
Ийнхүү Монголын Ерөнхийлөгч огцрохоо мэдэгдсэн үйл явдлыг олон улсын хэвлэлүүд эрх баригч намын дотоод зөрчил, авлигын асуудал, эдийн засгийн тогтвортой байдалтай холбон мэдээлж байна. Харин УИХ-ын шийдвэр болон төмөр замын төсөлтэй холбоотой асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагааны үр дүн Монголын улс төрийн цаашдын нөхцөл байдлыг тодорхойлох чухал хүчин зүйл болох юм.
Дэлгэрмаа НОМИН
МУИС-ийн Сэтгүүл зүйн гуравдугаар түвшинд суралцдаг бөгөөд iToim.mn сайтад 2026 оноос сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-11-18





