Интеграцчлалд хамгийн эмзэг орнуудын нэг нь Монгол Улс www.zgm.mn
Нэн тэргүүнд дэд бүтцээ ухаалгаар хөгжүүлэх нь зүйтэй
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анх удаа ярилцлага өглөө. Түүний манлайллаас хойших дөрвөн жилд өрнө, дорнын хоёр том улс түнжин хагарснаар дэлхийн улс төр, эдийн засаг төрөл арилжсан мэт өөрчлөгдөөд буй билээ. Энэ эгзэгтэй цаг дор олон улсын хамгийн том хамтын нийгэмлэгийг 10 жил удирдаж, даян дэлхийд энх тайван, эв нэгдэл цогцлоох үйлсийг манлайлсан энэ эрхэм “Азийн төлөөх Боао форум”-д оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.
-Манай оронд анх удаа хөл тавьж буй таниас Монголын тухай асуумаар байна. Олон улсын хамтын нийгэмлэгт оруулах Монгол Улсын хувь нэмрийг та хэрхэн тодорхойлж байна вэ?
-Монголчууд өнө эртний түүх, өвөрмөц соёл, Чингис хааныг дээдлэх үзлээ өнөөг хүртэл хадгалж, үүнийгээ хөгжил дэвшилтэйгээ хослуулж буй нь гайхалтай санагддаг.
Ингээд зогсохгүй илүү хөгжил, дэвшлийг авчрахаар тэмүүлж буй нь мэдрэгддэг. Гэхдээ цаашид Монгол Улсад бүс нутаг болон дэлхийн хэмжээнд өөрийн байр суурийг уялдуулсан алсын харааг бий болгох нь чухал болов уу. Монгол Улсын одоогийн хөгжил эдийн засгийн томоохон шилжилтийн зааг дээр байна. Монгол шиг ДНБ-ий өсөлт 6.8 орчим хувиар хэмжигдэж буй улс цөөн. Цаашид хөрөнгө оруулалтыг ухаалгаар татаж, үүнийгээ дэд бүтцийн хөгжилдөө зарцуулж, энэ салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах нь зүйтэй гэж боддог. Үүний зэрэгцээ хөгжлийн чиг баримжаагаа уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулахаа ч мартаж болохгүй. Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн шийдэх ёстой олон асуудал байна. Үүнийгээ шийдэхээр зорьж буй нь харагддаг. Эдийн засаг, байгаль орчноос гадна нийгмийн чухал асуудлуудаа анхаарлын төвд байлгах хэрэгтэй. Тухайлбал, залуусын боловсролыг хэрхэн дэмжих, эмэгтэйчүүдийг яаж хүчирхэгжүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуулт. Энэ чиглэлд илүү хөрөнгө оруулаасай гэж хүсэж байна.
Түүнчлэн Монгол Улс олон талт хамтын ажиллагаагаа тэлэх боломжийг идэвхтэй эрэлхийлж, түншлэлээр дамжуулан эдийн засгийн өгөөж хүртэхээр зорих нь чухал. Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд маш сайн түншлэл бий болсон. Цаашид хөршүүдтэйгээ харилцаагаа хадгалахын сацуу бусад оронтой түншлэлээ өргөтгөхөд идэвхтэй ажиллана гэж найдаж байна.
-Монгол бол далайд гарцгүй орон. Гэхдээ аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал бидний энэ хаагдмал байдлыг таягдан хаях боломж олгоно гэж зарим хүн үздэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Интеграцчлалын хувьд Монгол Улс хамгийн эмзэг орнуудын нэг. Далайд гарцгүй, газар нутгийн багагүй хэсгийг говь эзэлдэг. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18-д жагсдаг ч 3.2 сая хүн тархан суурьшсан. Энэ нь олон улс болон бүс нутгаас хангалттай хөрөнгө оруулалт татах боломжийг хазаарладаг. Гэхдээ энэ сорилтуудын зэрэгцээ алт, зэс, нүүрс зэрэг байгалийн баялаг арвинтай. Энэ давуу тал нь Монгол Улсад эдийн засгийн хөгжлөө түргэтгэхэд түлхэц үзүүлэх боломжтой. Дээр өгүүлсэнчлэн Монгол Улс эдийн засгийн бололцоогоо бүрэн дүүрэн ашиглая гэвэл эхлээд дэд бүтцийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Дэд бүтцийн дорой байдал хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж байна. Иймд нэн тэргүүнд дэд бүтцээ ухаалгаар хөгжүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн тулгамдаж буй сорилтын нэг нь агаарын чанар. Миний бие БНСУ-ын уур амьсгал, агаарын чанарын үндэсний зөвлөлийн тэргүүний албыг хашдаг. Байгаль орчны өөрчлөлт болон аж үйлдвэрийн нөлөөгөөр агаар дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ нэмэгдэж, элс болон тоос салхиар туугдан, БНСУ зэрэг бүс нутгийн орнуудыг чиглэж байна. Иймд Монгол, БНХАУ, Өмнөд болон Хойд Солонгос, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн орнууд уур амьсгал, агаарын чанарыг сайжруулахад нягт хамтран ажиллах шаардлагатай. Өнгөрсөн онд “Зүүн хойд Азийн цэвэр агаар-түншлэл” нэртэй платформын хүрээнд эдгээр орон нэгдсэн зөвшилцөлд хүрсэнд талархдаг. Цаашид үүнд түшиглэн энэ бүсийн зургаан орон бүрэн дүүрэн хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Ази, Номхон далайн агаарын чанарыг сайжруулах хүрээнд бүс нутгийн орнууд иж бүрэн ажиллах тухай нэгдсэн байр суурь бүхий тогтоолыг өнгөрсөн тавдугаар сарын 31-нд НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссоос баталсан. Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр би энэ оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд олон улсын чуулган зохион байгуулахаар төлөвлөж буй. Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын яаманд урилга хүргүүлсэн. Мөн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай Монгол Улс уг форумд сайдын түвшинд оролцох талаар хэлэлцсэн.
Интеграцчлалыг бэхжүүлэхэд Азийн удирдагчид илүү ихийг хийх хэрэгтэй
-Дэлхий урд өмнөхөөсөө илүү талцан хуваагдаж буй ч түншлэлээ өргөтгөсөн орнууд ашиг орлогоо нэмэгдүүлж чадаж байна. Азийн орнууд яагаад интеграцчлалд нэгдэж чадахгүй байна вэ?
-Азийн орнууд интеграцчлалын хүрээнд яагаад нэгдсэн бодлого, нэг байгууллагагүй явсаар өдий хүрэв гэж бодогдох нь зүйн хэрэг. Африк тивд гэхэд энэ тивийн 54 орныг нэгтгэсэн Африкийн холбоо гэж байгууллага бий. Арабын ертөнц 23 орныг багтаасан Арабын улсуудын холбоог байгуулсан бол Европын холбоонд 28 орон гишүүнээр элссэн. Мөн Америк тивд АНУ, Канад болон Латин Америкийн орнуудыг багтаасан байгууллага бий.
Харин Ази тивд Азийн холбоо эсвэл үүнтэй ижил өргөн хүрээний байгууллага алга. Хэдийгээр ASEAN байгаа ч үүнд зөвхөн 10 гишүүн орон багтдаг. Иймд Азийн удирдагчид интеграцчлагдсан, нэгдсэн систем бүхий нэгдлийн талаар нухацтай бодож үзнэ гэж найдаж байна. Өмнө нь ACD буюу Asian Conference of Development, Азийн холбоо зэргийг байгуулахаар оролдож байсан ч төдийлэн үр дүнд хүрээгүй. Энэ нь өнөө хэр ази тивд сорилт болсоор буй нь үнэн. Гэтэл манай бүс нутаг дэлхийн хэмжээний БНХАУ, Энэтхэг, Япон зэрэг том орнуудыг багтаадаг. Мөн хоорондоо ярвигтай харилцаатай Энэтхэг, Пакистан зэрэг улсууд ч бий. Иймд интеграцчлалыг бэхжүүлэхэд азийн удирдагчид илүү ихийг хийх хэрэгтэй.
-Та 2007-2016 онд дэлхийн 190 гаруй орныг зангиддаг НҮБ-ын тэргүүнээр ажилласан. Таныг албаа өгснөөс хойш дэлхийн улс төр, эдийн засаг хэрхэн өөрчлөгдөөд байна вэ?
-Дэлхий улам хуваагдмал боллоо. Үндсэрхэг, нэг талт үзэл газар авч, худалдааны протекционист бодлого хүрээгээ тэлсээр байна. Уг нь олон талт харилцаа нь дэлхийн улс орнууд эдийн засаг, нийгмийн таатай боломжийг хүртсээр ирсэн. Гэтэл зарим улс орон олон талт харилцааг байх ёстой зүйл гэж үзэхээ больж эхлээд байна. Миний бие дэлхийн удирдагчдад хандан олон улсын хамтын нийгэмлэгийн тогтвортой ирээдүйн талаар дахин нухацтай авч үзээсэй гэж хүсэж байна. Бас уриалж байна.
Том, жижиг гэлтгүй улс орнууд НҮБ-ын гэрээний үндсэн зарчмуудад суурилсан хөгжлийн зүг чигийг баримталсаар өдий хүрсэн. Улс орнуудын нэгдэлгүйгээр хамтын нийгэмлэг ахиж дэвших боломжгүйг цохон тэмдэглэмээр байна. Манай дэлхий өнгөрсөн жилүүдэд жижиг орнуудын нэгдэл гэхээсээ илүү хамтын нийгэмлэгийн түвшинд оршин тогтносоор ирсэн. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үр дүн, харилцаа холбооны хүчинд бид маш жижиг гараг дээр амьдарч байна. Улс орнуудын зааг ялгаа улам багаслаа. Хүн төрөлхтөн хүссэн улс руугаа чөлөөтэй аялдаг боллоо. Ихэнх улсын иргэн 160- 170 улс руу визгүй зорчиж байна. Үүний нэг тод жишээ нь, Европын холбооны 28 улсын иргэд өөр хоорондоо чөлөөтэй зорчиж байна. Өрөөр хэлбэл, бид дэлхий хэмээх нэг гэрт амьдарч байна. Тиймээс дэлхийн удирдагчид, ялангуяа, олон улсын хамтын нийгэмлэгээс хамгийн их ашиг хүртсэн, нөлөө бүхий гүрнүүдийн манлайлагчдад хандан дэлхийн хамтын нийгэмлэгийг хүндэтгэж, дэлхийн иргэн гэсэн зарчмыг баталгаажуулахыг хүсэж байна.
-Үнэнийг хэлэхэд, чөлөөт худалдаанаас их гүрнүүд хамгийн их ашиг хүртсэн атлаа эдгээр улс эргээд олон талт түншлэлийг эсэргүүцэж эхэллээ. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Дэлхийн II дайнаас хойш олон талт харилцаа тэлж, гадаад худалдаа өргөжсөнөөр чинээлэг улсууд үр өгөөжийг нь хамгийн түрүүнд хүртсэн. Гэтэл одоо олон талт харилцаа чөлөөт худалдааны үр шимээр эдийн засгаа хүчирхэгжүүлсэн орнууд эргээд үүнээс зайлсхийж, чөлөөт худалдааг үгүйсгэх боллоо. Чөлөөт худалдаа, олон талт харилцааг хадгалах нь Боао форумын Улаанбаатарын бага хурлын гол сэдэв юм.
Мөн олон улсын хамтын нийгэмлэгт Ази тив чухал үүрэгтэй. Энэ тив дэлхийн өөрчлөлт хөдөлгөөний төв цэг. Дэлхийн нийт хүн амын 60 хувь нь азид амьдарч байна. Тиймээс энэ тивийг тогтвортой хөгжилд чиглүүлснээр дэлхий нийтийг уриалан дуудах боломж бүрдэх юм. Уур амьсгалын өөрчлөлт Азийн орнуудад тулгарч буй гол бэрхшээл болсон. Монгол Улс ч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орны нэг. Тиймээс бид цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хийг Улаанбаатарын бага хурлаар чухалд авч үзлээ.
Эдийн засгийн гүйцэтгэлээр нь Азийн орнууд дэлхийг манлайлж буй. Цаашид ч энэ манлайллаа хадгалах төлөвтэй. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн араас хөөцөлдөхийн зэрэгцээ тэгш бус байдал бууруулахад анхаарах хэрэгтэй. Хятад, Япон, БНСУ зэрэг эдийн засгийн үсрэнгүй амжилт олсон орнууд Азид бий. Гэхдээ улсын хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр бус хэр олон хүний амьдралыг өөрчилснөөр нь, нийгмийн тэгш бус байдлыг хэдий чинээ буурснаар дүгнэх нь зүйтэй болов уу. Иймд орлогын тэгш бус байдал, баян, ядуугийн зааг ялгааг бууруулахад энэ бүс нутагт хийх ажил их байна. Эдийн засгийн өсөлт, тэгш бус байдлыг бууруулахад чиглэх ёстой. Нэг ч хүнийг орхиж болохгүй.
-“Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын бага хурлаар хэлэлцсэн хамтын хөгжил Монгол Улсад ямар боломж олгох вэ?
-Хамтын хөгжил нь бүх нийтэд илүү сайн сайхан, чинээлэг амьдралыг авчирна. Энэ нь 2015 онд НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” зорилттой уялдаж буй. Өөрөөр хэлбэл, хэнийг ч ардаа үлдээхгүй гэсэн үг. Хэн, юу хийж байгаагаас үл хамааран 21 дүгээр зууны бидэнд олгож буй бүх боломжийг хүн бүр тэгш хүртэх боломжтой байх ёстой. Үүнийг хамтын хөгжил гэж хэлнэ. Монгол Улс ч хамтын хөгжлөөс үр ашиг хүртэж, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжтой. Тиймээс Монгол болон бусад гишүүн орнууд “тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт харилцан ашигтай байх, бие биеэ хүндлэх зарчимд хамтын ажиллагаа чухал гэдгийг мартаж болохгүй.
Нийтэлсэн огноо2019-08-21