"UPC Renewables" компанитай хамтран 2400 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар болов www.eagle.mn
Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох "UPC Renewables" компанитай өнөөдөр Нью-Йорк хотноо харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Тус компани Дундговь аймагт 2400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх юм. Уг төслийн санхүүжилт хоёр тэрбум ам.доллар байна.
Төслийн гол зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж тооцжээ.
Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах түүхэн алхмыг хийж байна. Бид цэвэр эрчим хүчний экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн шинэ боломжуудыг нээхийг зорьж байна” гэжээ.
"UPC Renewables Asia Pacific" компанийн гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд “Энэхүү түншлэл нь Дундговь аймгийн дэлхийн хэмжээний салхины нөөцийг үр ашигтай ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Бид Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно” гэсэн байна.
Нийтэлсэн огноо2025-04-30