Хятадын хилийн боомтуудад Монголын коксжих нүүрсний үнэ бага зэрэг нэмэгджээ www.itoim.mn
Өнгөрсөн долоо хоногт Хятадын гол хилийн боомтуудаар дамжих Монголын коксжих нүүрсний худалдаа бага зэрэг сэргэж, зах зээлийн идэвх нэмэгдэх шинжтэй болов. Энэ сэргэлтэд нүүрсний фьючерс ханш өссөн, мөн Өвөр Монгол дахь нийлүүлэлт хумигдсан байдал нөлөө үзүүлжээ.
Хятадын зарим бүс нутагт байгаль орчны хяналт, шалгалт эрчимжиж, дотоодын уурхайнуудын олборлолт багассанаар коксын үйлдвэрүүд Монголын нүүрсийг илүү ихээр худалдан авч эхэлсэн байна. Түүнчлэн ирэх долоодугаар сарын 11–15-ны хооронд болох Үндэсний их баяр наадмын үеэр хилийн боомтууд түр хаагдахтай холбоотойгоор худалдаачид нүүрсний үнийн саналд бага зэргийн нэмэгдэл үзүүлэх хандлагатай болж буй.
Гэсэн хэдий ч зах зээлийн өсөлтийн хандлага тодорхой бус, сул хэвээр байна. Коксын үйлдвэрүүд болон гангийн үйлдвэрлэгчдийн хооронд үнэ тохиролцох өрсөлдөөн өрнөж буй нь томоохон худалдан авагчдыг хүлээлтийн байдалд оруулж, идэвхтэй худалдан авалт хийхээс зайлсхийж байгаа ажээ.
Ганцмод боомт: Үнэ бага зэрэг өсөв
Ганцмод боомтод нүүрсний арилжаа бага зэрэг нэмэгдэж, худалдаачдын итгэл сэргэж эхэлсэн байна. Фьючерс ханшийн өсөлт нь Монголын нүүрсний үнэд эерэг нөлөө үзүүлэв. Зургаадугаар сарын 27-ны байдлаар, Монголын 5-р зэрэглэлийн түүхий коксжих нүүрсийн үнэ 735 юань/тонн (НӨАТ-тэй, агуулахын үнэ) болж, өмнөх долоо хоногоос 20 юаниар өссөн байна. Харин Jinquan компанийн угаасан нүүрс тогтвортой хэвээр байж, 865 юань/тонн үнэтэй байна.
Боомтоор өнгөрсөн зургаадугаар сарын 23–26-ны хооронд өдөрт дунджаар 732 ачааны машин нүүрс тээвэрлэн хил нэвтэрсэн нь өмнөх долоо хоногоос 4.4 хувиар өссөн үзүүлэлт ч нийт дүнгээрээ бага хэвээр байгаа юм.
Агуулах дахь нүүрсний нөөц 3.8 хувиар буурч, зургаадугаар сарын 29-нд 3.84 сая тонн болжээ. Энэ нь гаалийн бүрдүүлэлт харьцангуй багасч, бараа хүлээн авалт сайжирсантай холбоотой.
Мандал боомт: Гаалийн нэвтрэлт нэмэгдсэн ч арилжаа сул хэвээр
Мандал боомтод, хоёрдугаар улирлын урт хугацааны гэрээг биелүүлэхийн тулд худалдаачид нийлүүлэлтээ нэмэгдүүлж, гаалийн бүрдүүлэлт бага зэрэг нэмэгдсэн байна. Үүний үр дүнд гаалийн бүрдүүлэлт 14.4 хувиар өсч, өдөрт дунджаар 215 машин хилээр нэвтэрсэн байна.
Гэвч фьючерс ханш өссөн ч эрэлт суларсан хэвээр. Худалдан авагчид ханшийн хандлагыг ажиглан, болгоомжтой байр суурь баримталж байгаагаас арилжааны идэвх сул байна. Зургаадугаар сарын 27-ны байдлаар, угаасан анхны коксжих нүүрсний үнэ 720 юань/тонн болж, өмнөх долоо хоногоос 20 юаниар буурсан бол түүхий 1/3 коксжих нүүрсийн үнэ 570 юань/тонн-д тогтвортой байжээ.
Цаашдын төлөв: Эерэг, сөрөг хүчин зүйлс зэрэгцэнэ
Ойрын хугацаанд дотоодын нүүрсний олборлолт аажмаар сэргэж эхэлж байгаа боловч гангийн эрэлт улирлын намжмал байдалд байна. Үүний улмаас Монголын коксжих нүүрсний импортын зах зээлд эрэлт багасч, дарамт үргэлжлэх төлөвтэй байна.
Гэсэн ч Үндэсний их баярын наадмын үеэр хилийн боомтууд хаагдахаар байгаа нь гаалийн нэвтрэлтийг багасгаж, нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд хумих учир үнэ унах эрсдэлийг тодорхой хэмжээгээр хязгаарлах бололцоотой байгаа юм.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-07-02