#1: ₮6.3 тэрбумыг үрсэн баримт: Нөлөөлөгч авчрах, фестиваль, хурал хийх мөнгийг БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл ганц холбоонд өгчээ www.eguur.mn
Манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй үрэн таран хийж, түүнийгээ тайлагнадаггүй байдал даамжирсан уу гэдэг асуулт байна. Шууд жишээгээр эхлүүлье.
Тухайлбал,
Нэг талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлж Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Батчимэг
Нөгөө талаас "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо" НЭХЗЭ-ийн ажлын албаны дарга М.Нарангэрэл нар нь
"Төрийн зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай гэрээ" гэгчийг 2024.02.20-ны өдөр байгуулжээ. Гэрээний нийт дүн 6,348,700,000 /зургаан тэрбум, гурван зуун дөчин найман сая, долоон зуун мянган төгрөг/.
Энэ мөнгийг захиран зарцуулах эрх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтгэрэлд байсны дагуу дээрх гэрээг хийхийг зөвшөөрөн баталжээ.
Ашгийн төлөө бус гэсэн тодорхойлолттой "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо" Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь 6.3 тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулахаар хуваарилсан бэ гэдгийг үзэхэд,
Улсын аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажилд 50 саяыг
Тэмээний баярт 20 саяыг
"Хөх сувд" мөсний баярт 150 саяыг
Бүргэдийн баярт 10 саяыг
Торгоны зам-Хархорин арга хэмжээнд 10 саяыг
АРА өвлийн фестивальд 30 саяыг
Чингис хаан мэндэлсэн өдөр хаадын чуулбарт 30 саяыг
"Алтаргана-2024" наадамд 50 саяыг
"Нүүдэлчин" фестивальд 20 саяыг
Олон улсын поло цомд 100 саяыг
"Tourism week" олон улсын хуралд 800 саяыг
Монгол-Туркийн аялал жуулчлалын бизнес форумд 300 саяыг
Монгол Улсыг сурталчлах контентуудад 500 саяыг
Нөлөөлөгчдийг урьж авчрахад 700 саяыг
"Go Mongolia" арга хэмжээг зорилтот орнуудад зохион байгуулахад 400 саяыг
Олон улсын аялал жуулчлалын арга хэмжээнд оролцоход 410 саяыг ... гэхчлэн зарцуулж, үржээ.
"Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо" Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувь эзэмшигчээр Цагаачийн Баатарсайхан хувь эзэмшиж байгаад 2023.08.21-нд хасагджээ. Түүнийг "Таван богд" группийн Ерөнхийлөгч гэдгээр нь олон нийт мэднэ. Өдгөө Маналжавын Нарангэрэл, Төмөрдашийн Баттулга нар бүртгэлтэй байна. Эцсийн өмчлөгч нь М.Нарангэрэл аж.
Аялал жуулчлалын үйл ажиллагаанд мэргэжлийн арга зүйгээр хангах, сургалт семинар зохион байгуулах, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, олон улсын хэмжээний өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэжээ.
2023.08.21-нд үүсгэн байгуулсан гэж нээлттэй мэдээллийн санд бүртгүүлжээ. Үүсгэн байгуулагдаад ердөө зургаахан сарын дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бүтэн зургаан тэрбумын төсөвтэй гэрээ хийж. Энэ мөнгийг олон арга хэмжээнүүдэд үрэн таран хийх ажлыг гардсан нь анхаарал татаж байна.
Харин энэ их мөнгийг зарцуулах эрх олгож гарын үсэг зурсан С.Цогтгэрэлийн хувьд, 2016 оноос ШӨХТГ-ын Орон тооны гишүүнээр томилогдож, дэд даргаар хүртэл ажилласан нэгэн. БОАЖЯ-ны сайдаар Б.Бат-Эрдэнийг ажиллаж байхад тус яамны хэлтсийн дарга болж, дараа нь Э.Баттулгын оронд ТНБД болсон. Э.Баттулгыг халагдсаны дараа томилогдож байлаа. Сүхбаатарын Цогтгэрэл нь Даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Эрсдэлийн шийдэл”, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Би Ди Ар Холдинг” гэх компаниудтай. Товчхон хэлэхэд хувийн эрх ашиг өндөртэй нэгэн юм.
Эцэст нь, төрийн мөнгийг ингэж зарцуулсан тайлан шилэн дансанд яагаад байршаагүй байгаа вэ гэдэг асуудал хөндөгдөх юм. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө хаачсан бэ гэдэг эзэнгүй цонх үүсгэж байна.
BY
П. Урнаа
Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-07-02