Агро ойн аж ахуйн талбайд төрөл бүрийн нарийн ногоог солонгос үрсэлгээгээр туршиж байна www.montsame.mn
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Төв аймгийн Лүм сум дахь “Ногоон хэрэм” төслийн хүрээнд байгуулсан Агро ойн аж ахуйн үйл ажиллагаатай танилцав.
Уг төсөл нь Лүн суманд гурван хэсгийг ойжуулсан бөгөөд 2022 оноос цөлжилтийн эсрэг агро аж ахуйн төслийг эхлүүлжээ. Лүн сум дахь Агро ойн аж ахуйн талбайд нийт 50 орчим га талбайг ойжуулж, сургалтын төв, зориулалтын агуулах, ухаалаг услалтын систем зэргийг цогцоор байгуулж сүүлийн гурван жилд хүлэмжийн тариалалтыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрөл бүрийн нарийн ногооны тариалалтыг солонгос үрсэлгээгээр туршиж байгаа аж. Үүнд, улаан, ногоон чинжүү, хаш, хулуу, өргөст хэмх, улаан лооль, эрдэнэ шиш зэрэг нарийн ногооноос гадна солонгос үрээр тарвас, газрын алим зэргийг туршиж байна.
Мөн БНСУ-аас мэргэжилтнүүд орон нутгийн иргэдийг сургалтад хамруулан 15 хүртэлх хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, сургалтад хамрагдсан иргэдээс өрхийн хүрээнд тариалалт хийж эхлээд байна.
Ташрамд дурдахад, Лүн сум дахь агро аж ахуйн талбайг 2026 онд Монгол Улсад хүлээлгэн өгөх аж.
Нийтэлсэн огноо2025-07-29