ОХУ-ын шатахуун экспортын хориг Монгол Улсад үйлчлэхгүй www.news.mn
ОХУ-ын ирэх наймдугаар сарын 01-нээс эхлэн нэг сарын хугацаатай автобензинийн экспортыг түр хориглох шийдвэр албажсан байна. ОХУ энэ онд автобензинийн экспортод хэд хэдэн хязгаарлалт тогтоосон. Тухайлбал, гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг хүртэл зарим пүүс, нефтийн агуулах болон жилд нэг сая тонноос бага үйлдвэрлэл хийдэг компаниудад хамаарах экспортын хориг тогтоосон юм.
Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн бирж дээрх бензиний бөөний үнэ долдугаар сар гарснаар тасралтгүй өсч байгаа аж. Тухайлбал, АИ-95 төрлийн бензиний бөөний үнэ долдугаар сарын 17-нд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Тиймээс дотоодынхоо бензиний үнийг тогтворжуулахын тулд хоригийг дахин сунгажээ.
Монгол Улсын шатахууны хэрэглээний 75 орчим хувийг ОХУ-ын Роснефть компани дангаар нийлүүлдэг.
Энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас (АҮЭБЯ) ОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй бөгөөд шатахуун импорт хэвийн үргэлжилж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдах, худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болон ЕвроАзийн эдийн засгийн гишүүн орнуудад үйлчлэхгүй байх заалттай юм байна. Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны есдүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн байдаг.
АҮЭБЯ-наас өгсөн мэдээллээр өчигдөр /2025.07.29/-ны байдлаар улсын хэмжээнд Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 41 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 50 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байгаа аж.
Нийтэлсэн огноо2025-07-30