З.Цогтгэрэл: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж орон даяар жагсана www.itoim.mn
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ)-оос боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмүүлэх тэмцэл, хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэлсэн талаараа мэдээлэл өглөө.
Багш нарын төлөөлөл Ерөнхий сайдтай уулзахдаа цалин хөлс нэмэгдүүлэх санал тавьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй тул есдүгээр сарын 24-нд орон даяар жагсаал цуглаан зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Хэрэв үр дүнд хүрэхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авна гэв.
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо дарга З.Цогтгэрэл: Монголын багш нар ачаалал өндөр, цалин хөлс бага нөхцөлд өөрсдийн сэтгэл зүрхээр ажиллаж байна. 2024-2025 оны хичээлийн жилд 4200, 2025-2026 оны хичээлийн жилд 3800 багшийн дутагдалтайгаар ажиллаж байна. Ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах, эрүүл аюулгүй орчинд ажиллах, боловсролыг тэргүүлэх салбар болгох зэрэг нь байнга зөрчигдсөөр өнөөдрийг хүрлээ.
Иймд багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг 2026 оны төсөвт хүргүүлсэн. Гурван яам, МБШУҮХ-той хамтарсан ажлын хэсэг гарч, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ажилласан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа. Мөн Ерөнхий сайдтай уулзахдаа энэ асуудлаар ярилцсан ч төсөвт мөнгө суулгах боломжгүй гэдэг хариулт өгснөөр бид бүгд анхан шатны нэгжүүдээс ирсэн санал шаардлагуудыг хүлээн авч, дараа дараагийн алхмуудаа хийхээр болж байна.
2025 оны есдүгээр сарын 10-нд Боловсролын яамд шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй. Иймд дараах байдлаар хуулийн дагуу цалин нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийг 27 хүнтэйгээр байгуулж, тэмцлийг эрчимжүүлэх төлөвлөгөөг гаргасан.
Энэхүү маргааныг шийдвэрлэхэд тус холбоонд гишүүнчлэлтэй ЕБС болон СӨБ-ын бүлгүүд анхан шатны хурлаа хийж, тогтоол шийдвэрээ гаргаж байна.
Үүссэн хөдөлмөрийн маргааныг зуучлагчийн оролцоотой шийдвэрлэхээр
Б.Ургамалцэцэгийг хөдөлмөрийн зуучлагчаар ажиллуулах санал хүсэлтээ маргалдагч тал болох Боловсролын яамд хүргүүлсэн.
Есдүгээр сарын 24-нд 12:00-16:00 цагт жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн танилцуулав.
Үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж байгаа. Биелтэл нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дараа дараагийн арга хэмжээг авна. Хуулиар олгогдсон хамгийн том хэлбэр бол ажил хаялт. Бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг хүсэхгүй байна. Иймд УИХ-аас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
Багш нарын цалин 3.5 сая төгрөг болгоход нийтдээ 1.3 их наяд төгрөг шаардлагатай.
Тус жагсаалд 21 аймгийн багш нар нэгдэж байгаа аж.
Нийтэлсэн огноо2025-09-18