Оюу толгойн хэлэлцээ: Эхний шатанд зээлийн хүүг бууруулахаа илэрхийлэв, цаана нь... www.eguur.mn
Оюу толгойн хэлэлцээ эхэлж, эхний байдлаар зээлийн хүүг долоон жилийн цикл харгалзахгүйгээр бууруулна гэдгээ “Рио Тинто”-гийн зүгээс илэрхийлээд байна. 
Энэ удаагийн хэлэлцээгээр үндсэндээ хоёр асуудлыг шийдэх ёстой, үүнд: 
“Рио Тинто”-гоос “Оюу толгой” ХХК-д зээлсэн зээлийн хүүг бууруулах. Олон улсын жишиг, Засгийн газрын бонд, зээлжих зэрэглэлтэй  харьцуулахад хүү багадаа 3 нэгж хувиар өндөр явж байгаа. Энэ нь өдөрт 10 тэрбум төгрөгийг хүүнд төлж байгаа хэлбэр гэдэг тооцооллыг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хэлсэн
“Онтрэ”-гийн эзэмшил дэх Оюу толгойн бүлэг ордын лицензийн хэрхэн ашиглах тухай. Одоогийн байдлаар Монголын талыг саналыг авалгүйгээр, “Онтрэ” нь лицензээ шууд “Оюу толгой” ХХК-д шилжүүлж, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд ашиглах тохиролцоонд хүрчихсэн. Гэтэл энэ өөр компани дээрх, тусдаа стратегийн орд учир УИХ-аар заавал орж шийдэгдэх ёстой асуудал мөн. 
Үнэн хэрэгтээ энэ хоёр асуудал тулгамдаад лав жил тойрч байна. “Онтрэ”-гийн сэдэв гэхэд аль өнгөрсөн онд л шийдлээ хүлээж гацсан. Зээлийн хүүг бууруулах гэрээнд заагдсан долоон жилийн цикл нь 2025 онд таарч байгаа ч он дуусахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэний дараа, сая ярьж эхэлж байгаа юм. 
Уг хэлэлцээнд бэлтгэхээр УИХ-аас байгуулагдсан түр хороо идэвхийлэн ажилласан ч “Оюу толгой” ХХК-иас төлөөллөө явуулаагүй. Ингэхдээ “Ажилчдынхаа аюулгүй байдлыг бодож…” гэсэн шалтгааныг захидалд дурдан учирлаж байв.
Засгийн газрын хэлэлцээ бол УИХ-аас өгсөн чиглэлийг л биелүүлэх хүрээнд хийгддэг. Энэ талаарх УИХ-ын тогтоол ч бий. Атал УИХ дуудаад ирээгүй “Оюу толгой” ХХК-ийнхан шууд Засгийн газартай хэлэлцээ эхлүүллээ гэж мэдэгдсэн нь яах аргагүй анхаарал татсан юм. Нэг ёсондоо, урьд өмнө бичиж байсанчлан УИХ-ыг “аньсаар” байгаад хэлэлцээг эхлүүлчихсэн.
Тийм учраас үүнд Засгийн газар, “Рио Тинто” талууд яг ажил хэрэгчээр хэлэлцээний ширээний ард сууж чадах уу, Монголын эрх ашгийг хангуулах чиглэлд байр сууриа сайтар хамгаалах уу зэрэг нь асуулт хэвээр үлдсэн. 
Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, “Рио Тинто” ба “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд өөрсдөө үл ойлголцолтой, байр суурь нь нэгдмэл биш учир УИХ дээр ирж, мэдээлэл өгөхөөс татгалзсан гэгдэж байна. 
Одоо нэгэнт хэлэлцээ эхэлсэн тул Монголын тал нэгдмэл байгаа гэдгийг л хөрөнгө оруулагчид санах нь чухал. 
Зээлийн хүүн дээр 2025 оноор тасалбар болголгүй, хэлэлцээ хийнэ гэдэг бол эхний үр дүн. Гэхдээ ямар нэгж хувиар, аль хувилбарыг баримтлах вэ гэдэг Б.Жавхлан сайдын ахалж буй ажлын хэсгийн хийх ажил. 
Харин “Онтрэ” дээр шинэ мэдээлэл байхгүй байгаа ч, Г.Дамдинням сайдын мэдээлснээр тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэдэг байр суурийг хатуу баримтална хэмээсэн билээ. Өөрөөр хэлбэл, одоо авагдаж буй мэдээллээр Г.Занданшатарын Засгийн газрын байр суурь зөв бөгөөд нэгдмэл байна. 
Гэвч “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах санал дээр хөрөнгө оруулагч тал дэмжээгүй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 
Тухайлбал, энэ компанийн ТУЗ есөн гишүүнтэй. Есийн гурав нь Монголын Засгийн газрыг буюу “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийг төлөөлдөг. Энэ нь алив шийдвэрт саналын эрхтэй л оролцохоос, бусдаар нөлөөлж чаддаггүй. Ер “Эрдэнэс оюу толгой” талд “Оюу толгой” ХХК-ийн мэдээлэл ч дэлгэрэнгүй байдлаар очдоггүй, ийм хэлбэр ужгирсан. Тиймээс ТУЗ-д ядаж хараат бус гишүүн нэмье гэдэг саналыг удаа дараа тавьж байгаа юм. 
Харин “Рио Тинто” зээлийн хүүг бууруулна гэдгээ илэрхийлсэн ч “Оюу толгой” ХХК-ийн засаглалын асуудалд хөдлөх шинжгүй дүр зураг ажиглагдаж байна. 
Гэвч энэ бол хэлэлцээний эхний шатны үр дүн. Арваннэгдүгээр сард хоёрдугаар шатны хэлэлцээг эхлүүлнэ гэдгээ талууд мэдэгдсэн байна.
Үүгээр зээлийн хүүг хэрхэн бууруулах, "Онтрэ"-гийн асуудалд хэрхэн тохиролцох зэргээ нарийн ярих хүлээлт үүсэв. Өмнө нь мэдээлж байсанчлан, энэхүү хэлэлцээтэй давхцаж Лондонгийн арбитрын шүүх дээр Монголын Засгийн газар, "Рио Тинто" групп нарын маргаан хянагдаж байгаа.
Засгийн газрын нэхэмжлэлийн хамгийн том асуудал бол татварын маргаан. 1.1 их наяд төгрөгийн өрөнд орох уу, цаашид “Оюу толгой” ХХК-д татварын хууль тогтоомжоо мөрдүүлж чадах уу гэдэг сэдэв хөндөгдөж байгаа нь ноцтой.
Тэгэхээр хэлэлцээний хоёр дахь үе шатад гол асуудал руугаа хэрхэн анхаарал хандуулах вэ гэдэг хүлээлт үүсэж байна.
Г.САНСАРМАА
Нийтэлсэн огноо2025-11-04

										 		



