Томилгоогоо хүлээж буй Элчин сайдууд www.news.mn
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүлээд буй. Нийтдээ 21 Элчин сайдын нэрийг өргөн мэдүүлээд байна. Тодруулбал, Монгол Улсаас Фран улсад суух Элчин сайдаар УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилыг, Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайванг, Герман улсад суух Элчин сайдаар Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг тус, тус нэр дэвшүүлжээ.
1.Австралийн Холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г. Тэнгэр
Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Гончигзэвэгийн Тэнгэрийг томилно. Тэрбээр дипломат албанд 11 жил ажиллажээ. Түүний хувьд 1993 онд Технологийн их сургуулийн компьютерын техник менежментийн сургууль, 1994 онд Токиогийн гадаад хэлний дээд сургууль, 1998 онд Японы Ёкохамагийн Үндэсний дээд сургуулийг удирдлагын ухааны мэргэжлээр суралцаж, төгсчээ. Мөн 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны их сургуулийг улс төрийн магистрын зэрэг хамгаалсан байна. Англи, япон, орос хэлний мэдлэгтэй.
Түүний хувьд 2019-2020 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн газрын дарга, 2020 оноос эхлэн "Тавантолгой" дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
2.Австри улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Мөнхтөр:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэгийг эгүүлэн татаж, Доржраагийн Мөнхтөрийг томилно. Тэрбээр төрийн албанд 14 жил ажилласнаас сүүлийн долоон жил дипломат албанд ажиллажээ. Түүний хувьд 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, орон судлаач мэргэжлээр төгссөн байна. Мөн 2006 онд магистр, 2010 онд докторын зэргээ хамгаалжээ. Герман, англи, орос хэлний мэдлэгтэй.
Тэрбээр 2019-2023 онд Герман улсад суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, 2023 оноос Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байжээ.
3.Беларусь улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Байгалмаа:
Гунаажавын Байгалмаа нь 29 жил дипломат албанд ажиллаж байгаа бөгөөд хятад, орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрбээр 1995 онд БНХАУ-ын Уси хотын Хөнгөн үйлдвэрийн их сургуулийг хүнсний технологи, инженер мэргэжлээр төгссөн байна. Түүний хувьд 2016-2018 онд Хөрш орнуудын газрын дэд захирал, 2018-2022 онд БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх, 2022 оноос хойш Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байжээ.
4.Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянааг эгүүлэн татаж, Авирмидын Баттөрийг томилно. Тэрбээр дипломат албанд 25 жил ажиллаж буй туршлагатай нэгэн бөгөөд франц, англи, орос хэлний мэдлэгтэй. Түүний хувьд 1989 онд ОХУ-ын Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн байна. Мөн 2009 онд Бельгийн хаант улсын Аюулгүй байдал, олон улсын харилцааны төвийг магистрын зэрэгтэй төгсчээ.
Түүний хувьд 2015-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, 2017-2021 онд Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2022 оноос Гадаад харилцааны яамны Европ, Африкийн газарт зөвлөхөөр ажиллаж байжээ. Түүнийг 2019 онд оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хилийн хориг тавьсан гэх мэдээлэл тухайн үедээ цацагдаж байв.
5.Вьетнам улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Хулан:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжавыг эгүүлэн татаж, Ганбаатарын Хуланг томилно. Тэрбээр дипломат албанд 18 жил ажиллаж байгаа бөгөөд 2001 онд БНСУ-ын Сөүл хотын их сургуулийн эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Мөн 2003 онд Соганг их сургуулийг олон улсын худалдаа, эдийн засгийн мэргэжлээр суралцаж, магистрын зэргээ хамгаалжээ. Англи, солонгос, орос хэлний мэдлэгтэй.
Түүний хувьд 2007 оноос Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөөд 2018-2022 онд Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөх, дэд захирал, 2022 оноос Азийн газрын захирлаар ажиллаж байжээ.
6.Герман улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ж.Оюунбаатар:
Хэнтий аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Жагдагийн Оюунбаатарыг Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилно. Тэрбээр төрийн албанд 12 жил ажиллаж байгаагаас сүүлийн дөрвөн жил дипломат албанд ажиллаж байгаа аж. Герман, орос, англи хэлний мэдлэгтэй бөгөөд 1985 онд ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийг агрохимич, хөрс судлаач мэргэжлээр төгсчээ. Мөн 199 онд Герман улсын Хамбург хотын Олон улсын маркетинг менежментийн академийг зах зээл судлаач, маркетингийн менежер мэргэжлээр суралцаж, магистрын зэргээ хамгаалсан байна. Түүний хувьд 2016-2021 онд "Жо Интернэшнл" ХХК-ийн ерөнхий захирал, 2021-2025 онд БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байжээ.
7.Египет улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Бямбадорж:
Доньжчимбуугийн Бямбадорж нь дипломат албанд 22 жил ажиллаж буй нэгэн аж. Тэрбээр 2004 онд ОХУ-ын Москвагийн олон улсын харилцааны их сургуулийг олон улсын харилцаа, бүс нутаг судлалын мэргэжлээр төгсчээ. Мөн 2022 онд Япон улсын Кюүшү их сургуулийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй суралцаж, төгссөн байна. Англи, орос, солонгос хэлний мэдлэгтэй.
Түүний хувьд 2014-2015 онд Ёслолын газрын дарга, 2015-2018 онд БНСУ-ын Пусан хотод суух Консул, 2018-2021 онд Гадаад харилцааны яамны Консулын газарт зөвлөх, 2022 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлогын газрын дэд захирлаар ажиллаж байжээ.
8.Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Булган:
Дансрангийн Булган нь дипломат албанд 26 жил ажиллажээ. Түүний хувьд БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1999 онд улс төр, хуулийн мэргэжлээр төгсчээ. Мөн 2008 онд мөн улсын Гадаад харилцааны их сургуульд олон улсын улс төр судлалын мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан байна. Хятад, англи, орос хэлний мэдлэгтэй. Түүний хувьд 1999 оноос Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд техник ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд мерит зарчмаар дэвшин олон жил ажилласан байна.
Мөн 2017-21021 онд БНХАУ-ын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, 2021-2024 онд Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал болон захирал, 2024 оноос Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байжээ.
9.Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Мөнхжин:
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүхийг эгүүлэн татаж, Батсүмбэрийн Мөнхжинг томилно. Батсүмбэрийн Мөнхжинг өмнө нь 2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилж байв. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. Хятад, англи, орос хэлний мэдлэгтэй.
Мөн 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байв. Тэрбээр төрийн албанд нийт 14 жил ажилласны 10 жилд нь дипломат албанд ажиллажээ.
10.Казахстан улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Батжаргал:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржхүүгийн Баярхүүг эгүүлэн татаж, Гунаажавын Батжаргалыг томилно. Түүний хувьд 25 жил төрийн албанд ажилласны 24 жилд нь дипломат албанд ажилласан байна. Тэрбээр 1990 онд ОХУ-ын Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд 1996 онд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Зүүн английн их сургуулийг хөгжлийн эдийн засагч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгсчээ. Орос, англи хэлний мэдлэгтэй.
Түүний хувьд 1990-ээд оноос гадаад харилцааны чиглэлээр салбар яаманд ажиллаж, мерит зарчмаар дэвшин ажилласан байна. Тэрбээр 2013-2017 онд Австри улсад суух Элчин сайд, байнгын төлөөлөгч, 2018-2024 онд "Бадрах-Энержи" ХХК-ийн дэд захирал, 2025 оноос ЗГХЭГ-т Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ. ТэрБээр 1992-1996 онд УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавын хүргэн гэх мэдээлэл бий.
11. Киргиз улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Тэгшжаргал:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуягийг эгүүлэн татаж, Дэмчигийн Тэгшжаргалыг томилно. Тэрбээр 1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг гадаад харилцааны ажилтан мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны харьяа Дипломатын академийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр магистрын зэрэгтэй суралцаж, төгссөн байна. Герман, орос, англи хэлний мэдлэгтэй.
Түүний хувьд 2000 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байна. Төрийн албанд 29 жил ажилласны 26-д нь дипломат албанд ажилласан туршлагатай нэгэн аж. Тэрбээр 2021-2022 онд Дипломат ёслолын газарт зөвлөх, 2024 оноос хойш Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
12. ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваа:
Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг стратегийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрбээр төрийн албанд 33 жил ажилласны сүүлийн гурван жилийн хугацаанд дипломат албанд ажилласан байна.
Түүний хувьд 2018-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, 2019-2021 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2022 оноос "Эрдэнэс газ" ХХК-ийн төслийн нэгжийн удирдагчаар ажиллаж байжээ.
13. Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Уянга:
Ганболдын Уянга нь дипломат албанд 17 жил ажилласан туршлагатай бөгөөд 2006 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Мөн 2012 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж, магистр хамгаалсан байна. Англи, хятад хэлний мэдлэгтэй. Түүний хувьд 2008 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажиллаж мерит зарчмаар дэвшин ажиллажээ. Сүүлд 2024-2025 онд Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллахаас гадна Сингапур улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байжээ.
14. Турк улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Лхагвасүрэн:
Очирын Лхагвасүрэн нь одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн дотны найз гэгддэг. Тэрбээр сайд Б.Батцэцэгтэй "2005 онд Маастрихтын менежментийн их сургуульд магистр хамгаалах үеэр анх танилцаж байсан бөгөөд гэр бүлийн найзууд" гэдгээ нэгэн ярилцлагадаа ярьсан байдаг. Түүний хувьд нягтлан бодогч, санхүүч мэргэжилтэй бөгөөд төрийн албанд 31 жил ажиллажээ. Тэрбээр 1994 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгсч, 2002 онд төрийн санхүүгийн удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан байна. Англи, орос хэлний мэдлэгтэй. Түүний хувьд 2021 оноос Гадаад харилцааны сайдын Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, 2023 оноос "Тэнгэр капитал" үнэт цаасны компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллажээ.
15. Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Энхтайван:
Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайванг Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилно. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэгддэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь 2020 онд Ерөнхий сайд байхдаа Н.Энхтайванг Гадаад харилцааны сайдаар томилж байсан юм. Тэрбээр 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016-2020 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан юм. Н.Энхтайван нь гадаад худалдааны мэргэжлээр 1993 онд БНХАУ-д их сургууль төгсч, энэ чиглэлээрээ магитсрын зэргээ хамгаалсан байна. Англи, хятад хэлний мэдлэгтэй.
16. Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Мөнх-Оргил:
УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил сүүлд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр ажилласан. Тэрбээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшээгүй юм. Түүний хувьд хуульч мэргэжилтэй бөгөөд УИХ-д гурван удаа сонгогдож, Хууль зүй дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан улстөрч. Тэрбээр өнгөрсөн парламентад Цэцийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан өргөн барьсан ч батлуулж чадаагүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан юм.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн тэрбээр ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй аж.
17. Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Болормаа:
Батсайханы Болормаагийн хувьд 19 жил дипломат албанд ажилласан туршлагатай бөгөөд герман, англи, орос, франц хэлний мэдлэгтэй аж. Түүний хувьд 1995 онд МУИС-ийг эдийн засагч болон эрх зүйч мэргэжлээр төгсч, 2009 оноос Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлжээ. Тэрбээр 2022 оноос хойш Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллажээ.
18. Арабын Нэгдсэн Эмират улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Ананд:
Шинээр томилогдох Элчин сайд А.Анандын хувьд дипломат албанд олон жил ажилласан туршлагатай нэгэн. Гадаад албаны ажилтан, Их Британи-Америк судлаач мэргэжилтэй бөгөөд 2004 онд ОХУ-ын гадаад харилцааны яамны харьяа Дипломатын академийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр магистрын зэргээ хамгаалжээ. Орос, англи, япон хэлний мэдлэгтэй. Түүний хувьд 2004 оноос магистрын зэргээ хамгаалсны дараагаар Элчин сайдын туслахаар ажиллаж, сүүлийн жилүүдэд Элчин зөвлөхийн албанд дэвшин ажиллажээ.
19. Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Өлзийт:
Л.Өлзийт нь Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөхөөр ажилладаг бөгөөд 1987 онд Политехникийн дээд сургуулийг механик инженерийн мэргэжлээр төгсч, 1991 онд МУИС-ийн олон улсын харилцааны дээд сургуулийг англи хэлний хэлмэрч, орчуулагч мэргэжлээр суралцаж төгсчээ. Англи, орос, хинди хэлний мэдлэгтэй. Түүний хувьд 2022 оноос эхлэн Энэтхэг улсад ажиллаж эхэлсэн бөгөөд БХЯ-ны харьяа Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдлийн Дели хот дахь Техник, хамтын ажиллагааны асуудал хариуцсан төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
20. Тайландын Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюу:
Дараагийн Элчин сайдаар томилох хүн бол В.Оюу. Тэрбээр дипломат албанд олон жил ажилласан туршлагатай бөгөөд мерит зарчмаар Элчин сайдаар томилогдож буй нэгэн. Түүний хувьд төрийн албанд 31 жил ажилласнаас 30 жилд дипломат албанд ажилласан байна. Тэрбээр англи хэлний орчуулагч мэргэжилтэй бөгөөд Япон улсын Васедагийн их сургуульд олон улсын харилцааны мэргэжлээр магистрын зэргээ хамгаалжээ. Англи, орос, франц хэлний мэдлэгтэй бөгөөд Гадаад харилцааны яаманд 2020-2021 онд Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2021-2025 онд Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байжээ.
21. Лаос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Баттөр:
"МИАТ" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал асан Д.Баттөрийг Элчин сайдаар томилно. Тэрбээр 2018-2021 онд "МИАТ" хувьцаат компанийн захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд өмнө нь 2007-2012 онд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Түүний хувьд төрийн албанд 21 жил ажилласнаас гурван жилд нь дипломат албанд ажиллаж байгаа аж.
Мөн тэрбээр 2013-2016 онд ХБНГУ-д суугаа Элчин сайдын яаманд Худалдаа эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2022 оноос Сангийн яамны Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зохицуулагчаар ажиллаж байжээ. Түүний хувьд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд Герман улсын Геттинген их сургуулийг ахисан түвшний менежмент мэргэжлээр магистрын зэргээ хамгаалжээ. Герман, англи, орос хэлний мэдлэгтэй.
Нийтэлсэн огноо2025-12-17





