Шинжээчид: Зэсийн хомсдол 2026 оноос бодит асуудал болно www.itoim.mn
Шинжээчдийн үзэж буйгаар зэсийн зах зээлд яригдаж буй хомсдол нь түр зуурын хийрхэл биш, харин бүтцийн шинжтэй бодит асуудал болоод байгаа аж.
BloombergNEF-ийн арванхоёрдугаар сард гаргасан “Transition Metals Outlook 2025” тайланд дурдсанаар, эрчим хүчний шилжилтэд ашиглагддаг металлуудаас зэс хамгийн их дарамтад орж байна. Үүний гол шалтгаан нь дата төвүүдийн огцом өсөлт, цахилгаан дамжуулах сүлжээний тэлэлт, цахилгаан автомашины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй явдал юм. Эрчим хүчний шилжилттэй холбоотой зэсийн эрэлт 2045 он гэхэд гурав дахин өсөх төлөвтэй бөгөөд хөрөнгө оруулалт, дахин боловсруулалтыг эрчимжүүлэхгүй бол зах зээл удаан хугацаанд дутагдалтай хэвээр байх эрсдэлтэй гэжээ.
Одоогийн байдлаар Чили, Перу, Индонезид гарсан олборлолтын тасалдал, мөн уурхайн зөвшөөрөл удааширч байгаа нь зах зээлийг улам чангаруулж байна. BloombergNEF-ийн тооцоолсноор, шинэ уурхай нээхгүй, эсвэл хаягдал металлын цуглуулалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхгүй бол 2050 он гэхэд зэсийн дутагдал 19 сая тонн хүрч болзошгүй байна.
Зэсийн үнэ энэ онд 35 хувиар өссөн бөгөөд 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлт рүү дөхөж байна. Зэсийн хомсдолын талаарх маргаанд богино хугацааны үнийн хэлбэлзэл, урт хугацааны суурь хүчин зүйлсийг ихэвчлэн хольж хутгадаг ч BloombergNEF-ийн дүгнэлтээр үүнийг нийлүүлэлт–эрэлтийн суурь тэнцвэргүй байдалтай холбон тайлбарлажээ. Ирэх жилүүдэд шинэ нийлүүлэлт бий болгохын тулд одоо байгаа уурхайнуудыг тэлэх, зөвшөөрлийн үйл явцыг хялбаршуулах, дахин боловсруулалтыг сайжруулах шаардлагатай байна.
Энэ урт хугацааны эрсдэлийг уул уурхайн томоохон компаниуд ч анзаарч, зэсийн салбарт хөрөнгө оруулалт, худалдан авалт, нэгдлүүд идэвхжиж эхэлжээ. Энэ нь зэсийн стратегийн ач холбогдол улам өсөж байгааг харуулж байна.
Тайланд бусад металлын тухайд:
Зэс ойрын хугацаанд хамгийн их анхаарал татаж буй ч, тайланд бусад металлын зах зээл өөр өөр замаар хөгжиж байгааг онцолжээ.
Хөнгөн цагаан: Нийлүүлэлт ихэвчлэн Хятадад төвлөрсөн хэвээр байгаа бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэлийн талыг дангаараа хангадаг. Ялгарлыг бууруулах зорилготой төрийн дээд хязгаар тогтоосон нь үйлдвэрлэлийг тэлэх боломжийг хязгаарлаж байна. Энэ хязгаар өөрчлөгдөхгүй бол нийлүүлэлтийн дарамт үргэлжилнэ гэж BNEF үзжээ. Харин 2050 он гэхэд Хятадын эзлэх хувь 37 хувь болж буурч, Энэтхэгийн үйлдвэрлэл ирэх арван жилд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Графит: 2025 онд 2.7 сая тонн байсан эрэлт 2050 он гэхэд 6.7 сая тонн болж өснө. Энэ нь литий-ион батерейн анодод графит гол үүрэгтэй байдагтай холбоотой. 2032 оноос эхлэн зах зээл техникийн дутагдалд орох төлөвтэй бөгөөд учир нь ашиглалтаас гарсан батерейгаас гарч буй хоёрдогч нийлүүлэлт нь анхдагч нийлүүлэлтийн өсөлтийг гүйцэхгүй байна.
Литий: Харин литийн нийлүүлэлт өссөөр байна. Нийт хүчин чадал 2025 оны 1.5 сая тонноос 2035 онд 4.4 сая тонн (литийн карбонатын эквивалент) хүрэх боломжтой. Үүнд Өмнөд Америк, Африкт хэрэгжиж буй шинэ төслүүд, шууд олборлох технологийн хөгжил, хоёрдогч нийлүүлэлтийн өсөлт нөлөөлж байна. 2022 оны оргил үеийн тонн тутмын 80,000 ам.доллараас огцом унасан үнэ одоогоор доогуур түвшинд байгаа ч, сүүлийн үеийн тасалдал, татаасын бууралтаас шалтгаалан бага зэрэг сэргэжээ.
Манган: 2050 он хүртэл нийлүүлэлт, эрэлт ерөнхийдөө тэнцвэртэй байх төлөвтэй. Учир нь хүдрийн нөөц тогтвортой бөгөөд хэрэглээний 97 хувь нь ган үйлдвэрлэлд ногддог. Гэхдээ Өмнөд Африк дахь ложистикийн асуудал, Габоны 2029 онд хэрэгжүүлэх экспортын хориг нь богино хугацааны эрсдэл хэвээр байна.
undefined
Кобальт: Ардчилсан Конго Улс энэ оны хоёрдугаар сард дөрвөн сарын экспортын хориг тогтоож, улмаар 2026–2027 онд жилд 96,600 тонноор хязгаарлах квотын систем нэвтрүүлснээр (2024 оныхоос 50 хувиар бага) үнэ огцом өсжээ. Үүний улмаас кобальтын үнэ хоёрдугаар сараас аравдугаар сар хүртэл 128 хувиар нэмэгдсэн байна.
Хятадын давамгайлал
Чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд дэлхий даяар хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч, дунд шатны боловсруулалт дээр Хятад давамгайлсаар байна. Ялангуяа хөнгөн цагаан, графит, манган, кобальт, никель, ховор элементийн салбарт Хятадын нөлөө хүчтэй хэвээр байгаа юм. Харин Европ, АНУ графит, манган, никель, литийн хувьд эмзэг байдалтай байгаа бол Япон, Өмнөд Солонгос олон эх үүсвэрээс импортлох, дахин боловсруулахад илүү тулгуурлаж байна.
Эдгээр стратегийн суурь нь өнөөдөр геополитик болжээ. BloombergNEF-ийн Металл, уул уурхайн хэлтсийн дарга Кваси Ампофогийн хэлснээр, төрийн оролцоо нь хөрөнгө татах боломжийг нээдэг ч, зөрчил мөргөлдөөний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Татаас дангаараа нийлүүлэлтийн төвлөрлийг шийдэхгүй гэдгийг тэр анхааруулсан байна. Түүний үзэж буйгаар 2026 оны үнийн дохио шинэ нийлүүлэлтийг өдөөх эсвэл орлуулах хэрэглээг нэмэгдүүлэх эсэхийг шийдэх чухал үе байх аж.
Тайланд мөн цэвэр эрчим хүчний дэд бүтцэд ашиглагддаг металлуудын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шаардлагыг онцолжээ.
Эх сурвалж: https://www.mining.com/coppers-next-shortage-is.../
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-12-19





