БНХАУ 100 гаруй тив алгасагч пуужинг Монголын ойролцоо байршуулсан байж болзошгүй www.itoim.mn
АНУ-ын Пентагоны бэлтгэл шатанд буй шинэ тайланд дурдсанаар БНХАУ Монгол Улстай залгаа бүс нутагт байрлах гурван силогийн талбайд хатуу түлштэй, цөмийн хошуут DF-31 загварын тив алгасагч баллистик пуужинг (ICBM) 100-аас дээш тоогоор байршуулсан байх өндөр магадлалтай гэж дүгнэжээ.
Одоогоор эцэслэн батлагдаагүй уг тайланд мөн Хятад улс зэвсэг хяналтын хэлэлцээнд оролцох сонирхолгүй хэвээр байгааг онцолсон байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Бээжин, ОХУ, Хойд Солонгостой хамтран цөмийн зэвсгийг бууруулах, устгах яриа хэлэлцээ өрнүүлэх хүсэлтэй зөрчилдөж буйг Ройтерс агентлаг тэмдэглэжээ.
Сүүлийн үед Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг нууцаар цөмийн туршилт хийсэн хэмээн буруутгаж, АНУ өөрөө ч туршилтаа сэргээж болзошгүйг анхааруулсан. Харин Бээжингийн зүгээс энэ мэдэгдлийг үгүйсгэж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын үүргээ мөрдөж байгаагаа мэдэгдсэн юм.
АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төв (CSIS)-ийн дэргэдэх Missile Defense Project-ийн мэдээлснээр, DF-31 пуужин нь гурван шаттай, хатуу түлштэй бөгөөд 7,000–11,700 километрийн тусгалтай гэж тооцогддог. “DF” нь хятад хэлний Dong Feng буюу “Зүүн салхи” гэсэн утгатай бөгөөд НАТО-гийн ангиллаар CSS-10 гэж нэрлэгддэг.
Анх 2006 онд ашиглалтад орсон энэхүү пуужин одоогоор DF-31 (CSS-10 Mod 1), DF-31A (CSS-10 Mod 2), DF-31AG гэсэн гурван хувилбартай. CSIS-ийн мэдээлснээр, DF-31 нь 500 кг жинтэй нэг цөмийн хошуу тээвэрлэх чадвартай бөгөөд 200–300 килотонн тэсрэх хүчин чадалтай цөмийн цэнэг зөөвөрлөх боломжтой аж.
Хятад улс цөмийн хүчээ шинэчилж, орчин үеийн болгох ажлыг эрчимтэй явуулж байна. Atomic Scientists-ийн мэдээллийн товхимлын дүгнэснээр, сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улс “өмнө байгаагүй олон төрлийн, их хэмжээний цөмийн зэвсгийг ашиглалтад оруулснаар цөмийн шинэчлэлийн хөтөлбөрөө мэдэгдэхүйц тэлсэн” байна.
Тус байгууллагын үнэлгээгээр, Хятад улс одоогоор нийт 600 орчим цөмийн хошуутай, үүнээс 276 нь тив алгасагч тусгалтай ангилалд багтаж байна. Пентагоны 2024 оны тооцооллоор, Хятад улс 2030 он гэхэд 1,000-аас дээш цөмийн хошуутай болох төлөвтэй байгаа аж.
“Хятадын цөмийн хүчний бодит хэмжээг шинжлэн үнэлэх нь маш хүндрэлтэй. Учир нь төрөөс гаралтай мэдээлэл хомс, мөн цөмийн зэвсэг болон холбогдох сурталчилгаа, үзэл баримтлалыг хатуу хянаж ирсэн” гэж Atomic Scientists-ийн тайланд дурджээ. “Цөмийн зэвсэгтэй ихэнх орнуудын нэгэн адил Хятад улс өөрийн цөмийн зэвсгийн бодит тоо хэмжээ, түүнийг дэмжих дэд бүтцийн талаар олон нийтэд хэзээ ч ил тод мэдээлж байгаагүй” хэмээн тайланд онцолсон байна.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-12-23





