Дата: Бүртгэлтэй 281,000 ААН-ээс 118,000 нь үйл ажиллагаа явуулж, 72,000 нь татварын өртэйгөөс 16,000 нь дансаа хаалгасан www.eguur.mn
Төсвийн орлого тасарлаа, төрийн сан хоосорлоо, татварын орлого буурлаа, алба хаагчид цалингаа авч чадахаа байлаа, хувийн хэвшлүүд мөнгөгүйдлээ, аж ахуй нэгжүүд дансаа хаалгалаа, иргэд туйлдлаа… Энэ их мэдээлэл дунд төөрөлдсөөр байна.
Урьдач мэдээлэл: Төсвийн орлогыг 29.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн ч, 27.6 тэрбум төгрөг болж 6.3 хувиар тасарсан. Хоёр их наяд гаруй төгрөгөөр. Харин татварын орлого 25.5 тэрбум төгрөг байхаас 23.5 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар тасарсан. Татварын орлогоос тасарсаэ 835.8 тэрбумын 428.2 тэрбум нь орлогын албан татварын орлого.
-2025 онд 2.5 сая иргэн, 281 мянган ААН нийт 14.9 их наядын татвар төлөөд байна-
Монгол Улсад яг хэчнээн татвар төлөгч иргэн, ААН байдаг, хэдэн төгрөгийн татвар төлдөг тухай мэдээллийг хүргэе эхлээд хүргэе.
Татвар төлөгч иргэн ба ААН-үүд:
Монгол Улсын хэмжээнд 2016 онд нийт 1,093,164 татвар төлөгч байсан бол арваад жилийн буюу 2025 онд 2,803,991 болж хоёр дахин нэмэгджээ. Харин 2016 онд татвар төлөгч 931 мянган иргэнтэй байсан бол өдгөө 2.5 саяыг даваад байна.
Тэгвэл татвар төлөгчид жилд нийт хэчнээн төгрөгийн татвар төлж ирснийг дор харуулъя.
Татвар төлөлтийг мөнгөн дүнгээр харуулбал:
2016 онд иргэн, ААН-үүдийн татвар төлөлт нийлээд 2.4 их наяд байдаг байж. 2024 онд хамгийн өндөр буюу 17 их наядад хүрчээ. Харин энэ оных өмнөх оныхоосоо даруй ГУРВАН ИХ НАЯД гаруй төгрөгөөр дутаж байна.
-72 мянган ААН өртэй байгаагаас 16 мянга нь дансаа хаалгасан-
Тэгвэл яг өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ,
Дээрх хүснэгтээр бол манай улсад 2025 оны байдлаар 281 мянга орчим татвар төлөгч ААН бүртгэлтэй байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж буй нь ердөө 118,000. Харин өнөөдрийн байдлаар татварын өртэй 72 мянган аж ахуй нэгж байгаагаас дансаа хаалгасан нь 16 мянга аж.
"Давхардсан тоогоор 16 мянга орчим аж ахуй нэгж дансаа хаалгасан" гэж Сангийн яамны дэд сайд Б.Хулан өчигдөр бататгав. Энэ 16 мянган ААН гэдэг тоо 2025 оны есдүгээр сарын байдлаарх тоо. Өртэй 72 мянган ААН энэ 16 мянга дотор
Харин Татварын ерөнхий газраас тодруулахад ч энэ тоог хэлэв. Гэхдээ “Өнөөдрийн байдлаар тэд гэж тодорхой тоон мэдээлэл хэлэх боломжгүй. Учир нь нэг ААН татвараа төлөнгүүт дансыг нь нээж байгаа. Татвараа төлөөгүй ААН-ийнхийг зөрүүлээд хааж байгаа тул яг таг тоон мэдээлэл тэр дороо гарахгүй” гэх агуулгатай хариултыг өгсөн юм.
Данс хааж буй гурван гол шалтгаан,
Нэгдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйгээс,
Хоёрдугаарт, татварын их хэмжээний өртэй байгаагаас,
Гуравдугаарт, шүүхийн шийдвэрээр,
Татварын байгууллага татварын өрөө авахын тулд Татварын ерөнхий хуулийн 63.1 дэх заалтыг хэрэгжүүлдэг. Эл хуулийн дагуу Засгийн газар торгох, хүчээр төлүүлэх, данс хаах механик арга хэмжээ авч байна.
63.1.Үл маргах журмаар татвар төлөгчийн банкан дахь дансыг битүүмжлэх, татварын өрийг гаргуулахад дараах журмыг баримтална:
63.1.1.татварын улсын байцаагч татварын өрийг өртэй татвар төлөгчийн банкан дахь мөнгөн хөрөнгөөс хураах тухай битүүмжлэх мэдэгдэх хуудсыг татварын албаны даргаар батлуулан харилцагч банканд хүргүүлэх;
63.1.2.энэ хуулийн 63.1.1-д заасан битүүмжлэх мэдэгдэх хуудсанд өртэй татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг шилжүүлбэл зохих банкны нэр, дансны дугаар, харилцагч банкны нэр, хаяг, татварын өр хураах үндэслэл, татварын өрийн дүн, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох тухай заах;
63.1.3.битүүмжлэх мэдэгдэх хуудас хүлээн авсан даруйд банк битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд өртэй татвар төлөгчийн нэг буюу түүнээс дээш дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлэх;
63.1.4.банкан дахь мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөгдөх шүүхийн шийдвэрээр төлөх үүрэг бүхий авлагыг хамруулсан бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, тухайн данснаас татварын өрийг битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд шилжүүлэх.
Харин өрөө төлсөн тохиолдолд төлсөн цаг, минут, секунтээс дансыг нь нээх зарчмаар ажилладаг аж.
МАН 2016 оноос хойш засагласан. Татвар төлөгчид болон, татвар төлөлтийн мөнгөн дүн хэрхэн өсөж ирснийг дээр хүснэгтээр тодорхой харуулсан. Ердөө есхөн жилийн хугацаанд 15 их наядаар өсжээ. Төлж чадахгүй тохиолдолд жижиг, том гэлтгүй дансыг нь хааж битүүмжилж байгаад өрөө авдаг зэрлэг капитализм ажиллуулж байна. Татвар төлдөг, татвар үрдэг гэсэн хоёрхон хэсэгт ангилж ч болохоор болж. Хувь иргэн дээр ч, ажил олгогч хувийн хэвшлүүд дээр ч татварын өндөр ачаалал ирж, эцэст нь туйлдаж буй дүр зурагтай. Болохгүй, бүтэхгүй байгааг нийгмийн бүр давхаргууд илэрхийлж байна. Иймд, Засгийн газар татварын багц хууль өөрчлөхөөр зэхэж, түүндээ баахан шинэчлэл хийхээр амлалтууд гаргаж шидэв.
Нийтэлсэн огноо2025-12-25





