Russia's Pivot to Asia: ОХУ Монголд цөмийн станц, уран олборлох төслийн санал тавьсан www.eguur.mn
“Russia’s Pivot to Asia” сайт ОХУ-аас Монголд цөмийн цахилгаан станц, уран олборлох төслийн санал тавьсан талаар нийтлэл оруулжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиковын хэлэхдээ, "Росатом" компанийн бага чадлын цөмийн цахилгаан станц барих саналыг Монголын тал хэлэлцэж байна гэжээ. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хот ЗХУ-ын үеийн нүүрсний хоёр дулааны цахилгаан станцаас эрчим хүчээ үйлдвэрлэдэг. Эдгээр станцууд нь хуучирсан төдийгүй өвлийн улиралд агаарыг ихээр бохирдуулдаг аж. Монголын эрчим хүчний систем ачаалал бага байх үед ч маш их ачаалалтай ажиллаж байна.
Монголын эрчим хүчний дэд бүтцэд ноцтой асуудлууд тулгарчээ. Шөнийн цагт буюу ачаалал хамгийн бага байхад ч хяналтын цэгүүд дэх хүчдэлийн түвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээндээ хүрч байгаа аж. Улаанбаатар хот эрчим хүчнийхээ 20 хувийг ОХУ, БНХАУ-аас импортолдог. Ийм учир эрчим хүчний тал дээр хөршүүдээсээ хамаарлаа бууруулахыг Монгол Улс зорьж байгаа юм. Цөмийн цахилгаан станц барих нь тус улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулж, тогтвортой бөгөөд цэвэр цахилгаан эрчим хүчний үүсвэрийг бүрдүүлнэ.
Монгол Улс одоо станц барих газраа сонгож байгаа гэж Евсиков хэлсэн юм. Тэрбээр “Монголын тал 2024 оны наймдугаар сараас хойш Росатомын хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бага чадлын цөмийн станц барих саналыг судалж байна. Уг байгууламжийг эрчим хүчний шинэ хэрэглэгчид олноор бий болох төлөвтэй бүс нутагт барихаар төлөвлөж байгаа” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл уг станцыг Улаанбаатараас баруун өмнө зүгт 230 км зайд баригдах"Шинэ Хархорум хотод байрлуулж магадгүй аж. Үүнээс гадна Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг ОХУ-аас Монголоор дамжин БНХАУ руу гарах "Сибирийн хүч-2" хийн хоолойгоор хангаж болно.
2025 оны есдүгээр сарын 2-нд "Сибирийн хүч-2" болон "Союз Восток" дамжуулах хоолой барих тухай санамж бичигт талууд гарын үсэг зурсан. Энэхүү төсөл нь Монголоор дамжуулан ОХУ-аас БНХАУ руу жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүнийг "Мянганы бүтээн байгуулалт" гэж тодорхойлжээ.
2024 оны есдүгээр сард Росатом Монгол дахь анхны бага чадлын цөмийн станцын техникийн зураг төслийг бэлэн болгосон. Талууд хэлэлцээрт 2025 онд багтаан гарын үсэг зурж магадгүй гэж байсан ч одоогоор шинэ мэдээлэл алга байгаа юм. Үүнээс харахад төлөвлөгөө бага зэрэг хойшилсон байж магадгүй байна.
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Дарья Сапрынская хэлэхдээ цөмийн станц барих нь Монголын эрчим хүчний тогтвортой байдалд маш чухал ач холбогдолтой гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, “Одоогоор байгалийн хийг хэрэглээнд нэвтрүүлэх болон нүүрсний хэрэглээ нь Монгол Улсын тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэж байна. Цөмийн станц нь нүүрсний станцуудыг орлох тогтвортой эрчим хүчний эх үүсвэр болж чадна. Томоохон хотууд болон үйлдвэрлэлийн төслүүдийг хөгжүүлэхэд, ялангуяа Шинэ Хархорум хотыг эрчим хүчээр хангахад цөмийн цахилгаан станц маш чухал” гэжээ.
Гэхдээ цөмийн цахилгаанд станц барихад санхүүгийн асуудал бий. Ийм төрлийн төсөл өртөг өндөртэй Монгол Улсын төсөв санхүүжилтийг бүрдүүлж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Гэсэн хэдий ч Монгол цөмийн цахилгаан станцыг сонирхож байгаа. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлэхдээ, хэрэв цөмийн станцын ажлыг одоо эхлүүлбэл 10-15 жилийн дотор цөмийн эрчим хүчний асуудлаа бүрэн шийдэж чадна гэж хэлсэн юм.
Цөмийн цахилгаан станцаас гадна ОХУ, Монголын хамтарсан уран болон газрын ховор элемент олборлох төслүүдийн талаар хэлэлцэж байгаа гэдгийг Евсиков дурдлаа. Тэр "Эрчим хүчний салбарт хамтран ажиллах нь ОХУ, Монголын хувьд стратегийн чухал чиглэл. Уг салбар эдийн засгийн тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүрэг улан бүр нэмэгдэнэ" гэжээ.
Москва болон Улаанбаатарын хоёр талын харилцаа шинэ шатанд гарч байна. Арванхоёрдугаар сарын эхээр ОХУ, Монгол хоёр хамтарч бүс нутгийн анхдугаар форумыг зохион байгуулсан. Форумын үеэр 2026-2030 онд явуулах 70 орчим чиглэлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан байна.
ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук уг форум дээр хэлэхдээ, Монгол Улс Ази дахь худалдааны чухал түнш хэвээр байгаа хэмээжээ. Тэрбээр хэлэхдээ хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд 17.8 хувиар, 2025 оны эхний есөн сард 5 хувиар өссөнийг онцолсон юм. Хоёр орны худалдаа 2 тэрбум ам.доллар орчимд хүрсэн нь 2020 онд 1.4 тэрбум доллар байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт.
Монгол Улс мах, ноос, нэхмэл бүтээгдэхүүнээс гадна алт, мөнгө, төмрийн хүдэр, нүүрс, зэс, цагаан тугалга, никель, цайр зэрэг ашигт малтмалыг ОХУ руу экспортолдог. Орос дахь томоохон дэлгүүрүүдэд Монголын тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний дэлгүүрүүд нээгдэж эхлээд байгаа.
Монгол Улс Оросоос голчлон газрын тосны бүтээгдэхүүн, суудлын болон ачааны машин, автобус болон бусад тээврийн хэрэгсэл, цахилгаан тоног төхөөрөмж, металл хийц, хүнс болон эмийн бүтээгдэхүүн импортолдог. Оверчук “Бид Монголоос худалдан авдаг ноос, ноолуур, арьс шир, махны импортыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна” гэжээ.
Судлаач Сапрынская хэлэхдээ усны салбар нь ОХУ, Монголын хамтын ажиллагааны сонирхолтой чиглэл болж байгаа аж. Монголын эрх баригчид өмнө нь Эгийн гол дээр усан цахилгаан станц барих асуудлаар Оростой хамтран ажиллах санал тавьж байсан. Талууд мөн томоохон гол мөрөн, нуур цөөрмийн хамгаалалтад анхаарлаа хандуулан хамтран ажиллаж байгаа юм.
Монгол Оросын хооронд улс төрийн яриа хэлэлцээ ч мөн эрчимжиж байна. 2025 оны есдүгээр сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжин хотноо БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нартай уулзсан юм. Үүнээс нэг жилийн өмнө буюу 2024 оны есдүгээр сард Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Путиний урилгаар 2025 оны тавдугаар сард Ялалтын баярын 80 жилийн ойд оролцохоор Москва хотод зочилсон.
Эх сурвалж: Russia’s Pivot to Asia
Нийтэлсэн огноо2026-01-06





