2026 онд Монгол Улсыг зэс "аварна" www.itoim.mn
Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн уналтын эсрэг Монгол Улс биет хэмжээгээ тултал нэмсэн ч орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байна. Манай улс 2025 онд түүхэндээ анх удаа 85 сая тонн нүүрс экспортолсон ч үнэ нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар унаж, төсвийн орлого тасалдав. Энэ жил ч мөн адил үнийн уналт үргэлжлэх учраас Монгол Улсын хувьд дараагийн найдлага тавих эрдэс бүтээгдэхүүн нь зэс. Монголын нийт экспортын 70-75 хувь нүүрс, зэс, төмрийн хүдэр гэсэн гурван эрдэс бүтээгдэхүүнээс хамаардаг. Энэ дундаас нүүрсний экспорт 54, зэс 20 гаруй хувийн нөлөөтэй. Тэгвэл 2026 онд зэсийн экспорт мэдэгдэхүй нэмэгдэж, үнэ өсөх хандлагатай байна.
Өнгөрсөн онд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 35 хувиар өсөж, тонн тутмынх нь үнэ 10 мянга ам.доллар давж шинэ рекорд тогтоосон. Монгол Улсын хувьд 2025 онд 1.8 сая тонн зэсийн баяжмал гаргахаар төсөвлөж, оны эцсийн байдлаар 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолсон гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлсэн. Зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэн нь Оюу толгойн үйлдвэрлэл идэвхжсэнтэй шууд холбоотой бөгөөд нүүрснээс дутсан орлогыг нөхөхөд ч гол нөлөө үзүүлжээ.
Тэгвэл 2026 онд төсвийн орлого бүрдүүлэлтийн гол найдвар нь зэс болж магадгүй. Учир нь, Оюу толгой үйлдвэрлэл 2026 онд өмнөх оноос хоёр дахин нэмэгдэж, Монгол Улсын зэсийн баяжмалын экспорт 2.5 сая тоннд хүрэх боломж бий. Монголын нийт зэсийн экспортын 60–70 хувь Оюу толгой ордоос хамаарч байна. 2026 онд гүний уурхай үндсэн олборлолт илүү тогтвортой болж, агуулга өсөх тооцоо гарсан. Нөгөө талд зэсийн баяжмалын үнэ өсөж, 10 мянган ам.доллараас буухгүй гэж олон улсын байгууллагууд мэдээлж буй. Манай улс 2026 оны төсөвт 1.9 сая тонн зэсийн баяжмал гаргаж, нэг тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд нь 8341 ам.доллароо тооцжээ. Харин зэсийн үнийн талаарх олон улсын санхүүгийн байгууллагын хүлээлт өндөр байна.
J.P. Morgan: дундаж 2026 онд зэсийн үнэ тонн тутамд ~$12,075~$12,500 хүртэл өсөх боломжтой гэж төсөөлжээ.
Goldman Sachs: 2026 онд үнэ $10,000–$11,000 орчим байх магадлалтай гэж үзэж байна.
Deutsche Bank: 2026-д ~$10,600 төсөөлжээ, хоёрдугаар хагаст $11,000+ гарч болзошгүй.
World Bank: ~$9,800–$10,000/тонн гэж мэдээлсэн байна.
Зарим эдийн засагчдын тооцоогоор 2026 онд Монгол Улсын нийт экспортын 40 гаруй хувийг зэсийн баяжмалаас бүрдэх бөгөөд төсвийн орлого бүрдүүлэлтэд хамгийн жинтэй нөлөө үзүүлэхээр байна.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-01-19





