Цэргийн онц байдал зарлахын өмнө хоёр тагнуулын ажилтныг Монгол руу илгээсэн нь Юн Сок Ёлтой холбоотой www.eguur.mn
БНСУ-ын KBS телевиз улсынхаа одоогийн цэргийн тагнуулын байгууллагыг шинэчлэх төлөвлөгөөнд тулгарч буй асуудлуудын талаар сурвалжилсан билээ. Уг сурвалжилгын явцад ноцтой асуудал ил болсон талаар мөн мэдээлжээ.
Гадаад тагнуулыг хариуцдаг Батлан хамгаалах тагнуулын газрын Тагнуулын командлалд нууц агентуудын мэдээлэл зэрэг маш нууц мэдээлэл их хэмжээгээр задруулсан хэрэг гарч, үүний улмаас хилийн чанад дахь ажиллагаанууд нь бүтэлгүйтсэн. Гэтэл өнөөг хэр зохих хэмжээний шинэчлэл огт хийгдээгүй хэвээр байна.
Өнгөрсөн оны 2024 оны 11 дүгээр сарын 18-нд цэргийн онц байдал зарлахаас хоёр долоо хоногийн өмнө, Хойд Солонгосын эсрэг тагнуулын ажиллагаа явуулахаар Монгол Улсад очсон Тагнуулын командлалын хоёр ажилтан баривчлагдсан. Тэд бол нууц ажиллагааны тусгай ажилтнууд байсан бөгөөд Монголын эрх баригчид тэдний хэн болохыг аль хэдийн мэдэж, тус улсын тагнуулын байгууллагынхан илрүүлэн баривчилж, БНСУ руу буцаан удирдлагуудад нь хүлээлгэн өгсөн билээ.
Үүнээс өмнө, өнгөрсөн 2024 оны 6 дугаар сард Цэргийн тагнуулын албаны нэг ажилтан Хятадын тагнуулын ажилтан байж болзошгүй этгээдэд нууц мэдээлэл задруулсан хэргээр илэрсэн байдаг. Тухайн мэдээлэлд тусгай ажилтны хувийн мэдээлэл, гадаад дахь баазуудыг халхавчлан ажиллуулдаг компаниуд, мөн Хойд Солонгост хамтран ажилладаг Өмнөд Солонгосын иргэдийн нэрсийн жагсаалт багтсан бөгөөд энэ нь жинхэнэ утгаараа “маш нууц” ангиллын мэдээлэл байжээ.
Мэдээлэл задруулсны дараа Тагнуулын алба хилийн чанад дахь бүх агентуудаа яаралтай татан авч, Монголын хэрэг явдлын дараа цаашдын гадаад томилолтыг бүрэн зогсоосон.
Тагнуулын албаны дотоод эх сурвалжууд “гадаад тагнуулын сүлжээ бараг бүрэн нуран унасан” хэмээн мэдээлжээ.
Ийм нөхцөлд байгууллагын бүтэц, хүний нөөцийг шинэчилж, шинэ агентууд бэлтгэх ёстой байсан ч KBS-ийн тусгай сурвалжилгын үр дүнд Цэргийн тагнуулын алба хүний тагнуулын нэгжийн нэрийг “900 дугаар бригад”-аас “100 дугаар бригад” болгон өөрчилснөөс өөр бодит шинэчлэл хийгдээгүй нь тогтоогдсон байна.
Цэргийн онц байдлын үеэр Үндэсний сонгуулийн хороог хяналтдаа авах ажиллагааг бэлтгэж байсан Тагнуулын командлалын нэг хурандаа нь мэдээлэл задруулсан этгээдийн шууд удирдлага байсан боловч үүрэгт ажлаасаа гурван сарын хугацаанд чөлөөлөгдсөний дараа дахин ижил бригаддаа буцаж орсон байсан юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёл Монголд болсон энэ үйл явдалтай холбоотой болохыг тус улсын хэвлэлүүд удаа дараа мэдээлсэн. Дээрх тагнуулын хоёр ажилтан нь онц байдал зарлахаас хэдхэн хоногийн өмнө Монгол дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамтай холбоо тогтоохоор холбогдох хүмүүстэй уулзсан. Түүнчлэн Өмнөд Солонгосын цэргийн дотоод баримт бичгүүдэд Хойд Солонгосын Элчин сайдын яам руу хандах зорилготой байсан тухай баримтууд байсан гэгддэг.
Өнгөрсөн 11-р сард Юн Сок Ёлыг Өмнөд болон Хойд Солонгосын хооронд дайн өдөөх гэж оролдсон хэмээн прокурорууд үзсэн. Прокурорууд цэргийн онц байдалд оролцсон армийн албан тушаалтнуудын гар утас гэх мэт зүйлсийг хураан авахад хэд хэдэн баримт олдсон билээ. Нотлох баримтууд дунд дрон, нарийвчлалтай цохилт өгөх гэх мэт Хойд Солонгосыг өдөөн хатгахаар төлөвлөж байсныг илтгэх үг хэллэг бүхий мессежүүд байсан юм.
Юн Сок Ёлын шүүх хурал ар араасаа болсоор байгаа бөгөөд эхний хэрэг дээр шүүхээс мөрдөн байцаах явцыг саатуулах гэж оролдсон хэргээр 5 жил хорих ял оноосон юм.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-01-23





