Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны голын ай савд хөв цөөрөм байгуулна www.montsame.mn
Усны газраас санаачлан “Нэг сум-нэг нуур” хөтөлбөр хэрэгжүүлж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны голын ай сав, Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна.
Төслийг “Усны элч банк”-аар өнгөрсөн онд шалгарсан Голомт банк санхүүжүүлж, Зохицуулагчаар Усны газар, захиалагчаар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, гүйцэтгэгчээр “Престиж Инженеринг” ХХК ажиллах юм.
Хөв цөөрмийг ашиглалтад оруулснаар үер, ган, халиа дошны эрсдэл багасаж, гадаргын усан хангамж нэмэгдэхийн зэрэгцээ 3000 гаруй өрхийн 10 мянга орчим иргэнийг болзошгүй эрсдэлээс хамгаалахаас гадна агаарын чийг нэмэгдэж, тоос багасах зэрэг байгаль орчин, нийгмийн үр нөлөө бий болохыг БОУАӨЯ мэдээллээ.
Төслийг энэ сараас эхлүүлж, барилга угсралтыг зургаадугаар сарын 30 гэхэд дуусахаар төлөвлөжээ. БОУАӨЯ-наас усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг дэмжиа ажээ.
Нийтэлсэн огноо2026-02-06





