Хэргийн мөрөөр: Б.Баатарыг ТЕГ, ЭЦА, АТГ-аас 12 хүртэлх жилийн хорих ялтай долоон зүйл ангиар шалгаж байна www.eguur.mn
Л.Оюун-Эрдэнийн ах, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарыг өдгөө АТГ, ЭЦА, ТЕГ-аас Эрүүгийн хуулийн нийт долоон зүйл ангид хамаатуулан шалгаж байна. Одоогоор ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, Б.Баатар "Монгол хан" жүжгийнхээ гэрээ зурах ажлаар Голланд улсад явна.
Найруулагч Б.Баатарын хамааран шалгагдсан хэргүүдийг Эрүүгийн хуулийн зүйлчлэлээр нь жагсаавал,
АТГ: Эрүүгийн хуулийн 22.1, 22.8, 22.9, 22.10-р зүйл ангиар,
ЭЦА: Эрүүгийн хуулийн 18.6, 18.3-р зүйл ангиар,
ТЕГ: Эрүүгийн хуулийн 19.9.1-р зэрэг долоон зүйл ангиар Б.Баатарыг мөрдөн шалгаж байгаа аж.
Хэргүүдийг ерөнхий агуулгаар нь харвал,
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз охиндоо бэлэглэсэн гэх цүнх, бөгжийг худалдан авсан эх үүсвэр,
Л.Оюун-Эрдэнэд үнэтэй цаг бэлэглэсэн гэх асуудал,
"Гэрэгэ" барилгын 14, 15 дугаар давхруудыг "дээрэмдэж" авсан гэх үндэслэл,
Оюутолгойн 20 сая ам.долларыг ашигласан гэх ХЗДХ-ийн сайдын мэдэгдлээр,
Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг "ЭОТ-оос 7 тэрбумыг авч Херо студиэ тохижуулсан гэх чуулганы хуралдааны үеэр хэлсэн үг,
"Эко интернэшнл" тауэрын дэргэд баригдаж буй шинэ барилгыг Б.Баатар санхүүжүүлсэн гэх иргэний гомдол мэдээллээр,
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хамаарах газрын асуудлаар,
"Зэс эрдэнийн хувь" компанийг авсан гэх мэдээлэл,
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ургийн мод, хамааралтай байж болох хаус хороолол зэргээр видео шторк цацсан зэрэг агуулгууд багтаж байгаа аж.
АТГ, ЭЦА, ТЕГ-ын шалгаж буй эдгээр зүйл ангиуд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, үндэсний эв нэгдлийг бусниулсан зэрэг тодотголуудтай. Ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтнуудыг Эрүүгийн хариуцлагад татдаг зүйлчлэлүүд байна.
Агуулгын дэлгэрэнгүй
Найруулагч Б.Баатарыг шалгах болсон шалтгаан, мөрдлөг эхэлсэн хугацаа, холбогдсон хэргийн хуулийн заалт, процесс хаана үргэлжилж буйг доор өгүүлнэ.
Хамгийн сонирхолтой буюу, сүүлд үүссэн хэргийн зүйл ангиас хөөж бичье.
-ТЕГ-аас 5-12 жилийн ялтай зүйл ангиар Б.Баатарыг монголд байхад нь дууджээ-
Б.Баатарыг Эрүүгийн хуулийн |ЭХ|-ийн 19.9.1 Үндэсний эв нэгдлийг бусниулах гэх заалтаар яллагдагчаар татсаныг гэрчлэх прокурорын мэдэгдэх хуудас цахим орчинд цацагдсан.
Зүйл ангийг тодруулбал, "Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх зохицуулалттай.
Хачирхалтай нь, яг энэ зүйл ангиар Б.Баатарыг 2014 онд ТЕГ-аас шалгаж байсан. Шалгагдах болсон шалтгаан нь тухайн үед цацагдаж, нийгэмд дуулиан тарьсан "Тусгаар тогтнол" нэвтрүүлэгтэй холбоотой гэх. Шалгаж байх үедээ хэд хэдэн удаа Б.Баатараас мэдүүлэг, тайлбар авсан. Гэвч хэргийн үйл явц прокурор, шүүхэд шилжээгүй. Тэндээ намжсан байдаг.
Гэтэл хоёр дахиа "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэх зүйл ангид холбогдуулан шалгаж эхэлжээ. Ингэхдээ |2026.02.27|-нд Б.Баатарыг Увс аймагт "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн зураг авалттай явахад нь дээрх зүйл ангид холбогдуулан гэрчийн мэдүүлэг өгөх шаардлагатай буйг ТЕГ-аас танилцуулжээ.
Харин Б.Баатарын хувьд Увс аймгаас ирмэгцээ "Монгол хан" жүжгээ Европ-д толилуулах гэрээ үзэглэхээр хилээр гарсан байна. Яг одоогийн байдлаар Голланд улсад яваа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Тэрбээр тухайн гэрээг үзэглэж дуусмагцаа Монголд ирж, ТЕГ-т ЭХ-ийн 19.9.1-р заалтад холбогдох хэрэгт мэдүүлэг, тайлбар өгөх хүсэлтээ хуулийнханд өгсөн гэгдэж байна.
Одоогийн байдлаар ТЕГ-аас "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэх зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Мөн яллах дүгнэлтээ албан ёсоор гардуулаагүй байгаа аж.
АТГ-аас албан тушаалтны гэмт хэргийн зүйлчлэлээр хувийн хөрөнгө, санхүү чиглэлд шалгаж байна
ЭХ-ийн 22.1: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах - 12 жил хүртэлх хорих ялтай
ЭХ-ийн 22.8: Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - найман жил хүртэлх хорих ялтай
ЭХ-ийн 22.9: Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - найман жил хүртэлх хорих ялтай
ЭХ-ийн 22.10: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих - найман жил хүртэлх хорих ялтай дөрвөн зүйл ангиар шалгаж буй.
ЭХ-ийн 22.1, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангиар шалгаж эхэлсэн хугацаа нь |2025 оны 09 сар|, үндэслэл нь төсвийн хөрөнгөөр "Монгол хан" жүжгийг санхүүжүүлсэн гэх. Энэ хүрээнд Б.Баатараас нэг удаа тайлбар авч, санхүүгийн тайланг нь баримтаар авчээ. Уг зүйл ангид холбогдох мөрдөн шалгалт өдгөө АТГ дээр үргэлжилж байна.
Харин |2025 оны 10 сар|-аас эхлэн ЭХ-ийн 22.8, 22.9, 22.10-р зүйл заалт тус бүрд хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн байна.
Б.Баатарыг шалгаж буй агуулгаар АТГ-аас тодруулахад "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа. Одоогийн байдлаар хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгалт үргэлжилж байна. Байцаалт аваагүй, мөн ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй" гэх мэдээллийг өглөө.
Эргэн сануулахад, "Монгол хан" жүжгийг Соёлын яам санхүүжүүлсэн гэх агуулга дээр холбогдох хүмүүс дараах тайлбарыг өгч байсан юм.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ний өдрийн тогтоолд “Монгол хаан” жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан. Энэ Үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан" гэв.
Харин үүнд Соёлын сайд асан Ч.Номин “Тамгагүй төр” жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг удаа дараа мэдэгдэж байна” гэсэн хариу тайлбар өгсөн.
Мөн найруулагч Б.Баатар “Монгол хаан” жүжгийг |2023.11.17 - 2023.12.02|-ны хооронд Лондон хотын Coliseum театрт тоглосон. Ч.Номин сайдын тогтоол |2024.01.30|-ны өдөр гарсан. Монгол Улс-ИБУИНХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2023 онд болоход хоёр орны соёлын солилцооны томоохон жишээ болгож манай жүжгээр үнэгүй сурталчилгаа хийлгэсэн. Бид төрөөс нэг ч доллар авалгүй Лондон, Сингапур, Токио, Нагояа хотод танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай тоглосон. Улс төр, урлаг соёлыг хольж хутган бизнесийн нэр хүндэд удаа дараа халдаж байгаа Б.Энхбаяр та БГД, ХУД, СХД-ийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн нэхэмжлэлээ шүүхийн ажиллагаанд саад учруулалгүй очиж гардаж авна уу" хэмээсэн байдаг.
ЭЦА-аас "Гэрэгэ" оффиссын барилгыг дээрэмдэж авсан гэх асуудлаар шалгахдаа татвараас зайлсхийсэн зүйлчлэл ашиглажээ
ЭХ-ийн 18.3: Татвар төлөхөөс зайлсхийх - нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай
ЭХ-ийн 18.6: Мөнгө угаах - 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай зүйл ангиар шалгаж буй.
Дээрх хоёр зүйл ангиар шалгаж байгаа үндэслэл нь "Гэрэгэ таур 15 давхрыг дээрэмдэж авсан" гэх агуулга.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагад орох үеэрээ "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний найруулагч ах Херо Б.Баатар нар “Гэрэгэ Тауэр”-ын 15 давхрыг дээрэмдэж авсан. Ингэхдээ тухайн өмчийн эзнийг долоон хоног цагдан хориулж, хэрэг үүсгэнэ гэж шахаад мөнгө өгнө гэсэн зээлийн халхавчаар хэлэлцлээ хийсэн. Түүн дээрээ 1м.кв-ийг 3.5 саяар буюу хуучин байрны үнээр тооцуулж авсан. Ингээд 1-1.5 тэрбум төгрөгийг "Херо энтертайнмент"-аас саяын хаврын жагсаалын үеэр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нөгөө асуудал нь жагсаалын үеэр гарчихвал баларна гэж айгаад шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй" хэмээн мэдэгдсэн байдаг.
Уг хэрэгтэй холбоотойгоор Б.Баатар өмгөөлөгч нарын хамтаар гэрчээр тайлбар өгсөн гэх. Мөн энэ оны нэг сард АТГ-аас "Гэрэгэ тауэр"-т гүйцэтгэх ажиллагаа хийж байна хэмээн пижигнэсэн нь ЭЦА-ынхан байж. Ингэхдээ дээрх зүйл ангид холбогдуулан "санхүүгийн нотлох баримт" гаргуулж авсан байна.
Хөшигний ард ба Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын түнжин муудсан агуулга Б.Баатар руу чиглэв үү
Найруулагч Б.Баатарын шалгагдаж эхэлсэн огноо ихэнхдээ Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлаас огцорсны дараа зааж байгаа. Хэргүүдийг шалгах процесс дунд Б.Баатар нэр төрөө сэргээлгэхээр Б.Энхбаяр, Л.Батлут нарыг Иргэний хэргийн шүүхэд өгсөн талаар мэдээлэгдэж байв. Тэгэхээр Б.Баатарт хамаарах хэргүүд дээр АТГ, ЭЦА эцсийн нотломж олохгүй байгааг Б.Баатар тооцоолсон байж болох.
Иргэний хэргийн шүүх нь ирэх сард товлогдохоор хүлээгдэж байх үеэр Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх Эрүүгийн хэргийн зүйлчлэл нэмэгдсэн нюанс байгаа юм. Ингэснээр иргэний хэргийн шүүхийн явц эрүүгийн хэрэг үүссэн шалтгаанаар зогсох нөхцөл бүрдсэнийг харж болно. Тодруулж хэлбэл, Б.Баатар гэм буруутай эсэхээ шүүхээр дэнслүүлэх хүртлээ Л.Батлут, Б.Энхбаяр нартай Иргэний хэргийн шүүхээр заргалдах боломжгүй болжээ.
Улс төр талаасаа Б.Баатар бол огцорсон Ерөнхий сайдын ах. Нэгэн үес цахим сүлжээнд Херо Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утсаар найрсгаар ярилцсан аудио хүртэл цацагдаж байв. Найруулагч Б.Баатарыг шалгаж уг процесс цаг хугацааны хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын дунд өрнөсөн инстутиц хоорондын эрх мэдлийн зөрчлөөс хойш хүчтэй явагдсан байна.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-03-10





