Гадаад худалдааны баланс эерэг гарлаа www.itoim.mn
Монгол Улсын 2026 оны эхний хоёр сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 24.4 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд экспорт огцом нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн бол импорт тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй гарлаа. Тодруулбал, экспорт 51.9 хувиар өссөн бол импорт 7.9 хувиар буурч 1.6 тэрбум ам.долларт болсон байна.
Алтны экспорт 23.5 хувиар багасав
Экспортын өсөлтөд уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн баяжмалын нийлүүлэлт жин дарж буй нь манай улсын гадаад худалдаа уул уурхайн түүхий эдээс өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна. Тодруулбал, оны эхний хоёр сард 3046.4 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолсны 46.1 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байна. Үүний араас чулуун нүүрс, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, цайрын хүдэр баяжмал гэхчлэн бүтээгдэхүүнүүд орж байна. Мөн экспортолсон барааны тоо хэмжээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төрөл тус бүрд ялгаатай өсөлт, бууралтыг үзүүлжээ. Хамгийн өндөр өсөлтийг чулуун нүүрсний экспорт эзэлж буй бөгөөд 54.4 хувиар өсөж 15.8 сая тоннд хүрсэн байна. Мөн зэсийн баяжмал 50 орчим хувиар нэмэгдэж 0.42 сая тонн, төмрийн хүдэр 18 хувиар буюу 1.29 сая тоннд хүрсэн өсөлтийг үзүүлжээ. Харин боловсруулаагүй нефтийн экспорт жил ирэх тутам буурч байна. Энэхүү бүтээгдэхүүний экспорт одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны үед 0.71 сая баррд хүрч байсан бол одоо 26.2 хувиар багасч 0.52 сая баррд хүрчээ.
Түүнчлэн сүүлийн саруудад олон улсын зах зээл дээр алтны үнэ буурсан нь экспортын хэмжээ хумигдахад хүргэжээ. Манай улс өнгөрсөн оны эхний хоёр сард 1.83 тонн алт экспортолсон бол энэ онд 1.40 тонныг олон улсад гаргасан байна. Малын мах, дайвар бүтээгдэхүүний хувьд бууралт эрчимтэй нэмэгдэж буй бөгөөд оны эхний хоёр сард 3 мянган тонныг экспортолсон нь 2024 оныхоос 56.4 хувь, өнгөрсөн оныхоос 30 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
Шатахууны импорт 40 хувиар өслөө
Монгол Улс оны эхний хоёр сард нийт 1 тэрбум 575.9 сая ам.долларын бараа импортоор авчээ. Импортын бүтэц, чиглэлийг өмнөх оныхтой харьцуулахад тодорхой өөрчлөлтүүд гарсан бөгөөд манайх эрдэс бүтээгдэхүүн, автомашин, уул уурхайн болон хүнсний бүтээгдэхүүнийг голлон авчээ. Тухайлбал, импортын барааны 30 орчим хувь нь нефтийн бүтээгдэхүүн байгаа бол суудлын болон ачааны автомашин, гар утас болон цахилгаан холбооны төхөөрөмж, цахилгаан эрчим хүчний импорт зэрэг нь үлдсэнийг нь эзэлж буй юм. Импортын барааны голлох өсөлтийг автобензин эзэлсэн бөгөөд өмнөх оныхоос 41.7 хувиар өсөж 218.9 мянган тоннд хүрлээ.
Автомашины импорт эрчимтэй буурч, суудлын автомашиных 53.9 хувиар, ачааны автомашиных 35.6 хувиар тус тус буурчээ. Хүнсний бүтээгдэхүүний хувьд улаан буудай, цагаан будаа, жимс, самар, тахиа, гахайны мах өөх зэрэг бүтээгдэхүүний импорт 3-34.5 хүртэлх хувиар өссөн. Харин өндөг, хүнсний ногоо, ургамлын тос, элсэн чихрийн импорт буурсан үзүүлэлттэй гарлаа.
Оны эхний хоёр сарын байдлаар экспортын дүн импортын дүнгээс 1470.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан нь эдийн засагт тодорхой эерэг дохио болж байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний өсөлт баланс эерэг гарахад голлон нөлөөлжээ. Цаашид урт хугацаанд гадаад худалдааны тогтвортой байдлыг хангахын тулд экспортын бүтэц, нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага хэвээр байна.
BY Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-03-10





