Бодит цалингийн индекс өмнөх улирлаас 3.9 хувиар өсжээ www.eagle.mn
Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 877.8 мянган төгрөг байна. Харин голч цалин 2 сая 482.2 мянган төгрөг, үндсэн цалингийн дундаж 2 сая 572.9 мянган төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 163.9 мянган төгрөгөөр буюу 6.0 хувиар өссөн байна.
Мөн ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2025 оны дөрөвдүгээр улиралд 235.8, харин худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 145.3 болжээ. Энэ нь өмнөх улирлаас 3.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчдын цалин хамгийн өндөр, харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага хэвээр байна.
Тодруулбал, уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчдын сарын дундаж цалин 5.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 86.9 хувиар өндөр байгаа юм. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын дундаж цалин 1.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 34.9 хувиар бага байгаа аж.
Энэхүү тооцооллыг 54 мянган аж ахуйн нэгжийн 827 мянган ажилтны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэлд үндэслэн гаргасан байна.
Нийтэлсэн огноо2026-03-16





