1 MONGOLIA, RUSSIA TO COOPERATE IN RAILWAY PROJECT AND RESTORATION OF DIRECT FLIGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/19      2 THE GOVERNMENT HAS DECIDED TO LIQUIDATE LLC "ERCHIST MONGOLIA," A STATE-OWNED ENTERPRISE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/19      3 HILTON TO ENTER MONGOLIA WITH CONRAD ULAANBAATAR SIGNING WWW.LATTELUXURYNEWS.COM PUBLISHED:2026/03/19      4 MONGOLIA IS RAPIDLY MOVING TOWARDS A DIGITAL FUTURE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/19      5 $462M INFRASTRUCTURE INVESTMENT DELIVERED ON TIME AND ON BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/19      6 THE GOVERNMENT HAS DECIDED TO LIQUIDATE LLC "ERCHIST MONGOLIA," A STATE-OWNED ENTERPRISE PUBLISHED:2026/03/19      7 CHINESE PRESIDENT XI JINPING EXPECTED TO VISIT MONGOLIA IN 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/18      8 JOINT STATEMENT ON THE U.S.-MONGOLIA ANNUAL BILATERAL CONSULTATION WWW.STATE.GOV PUBLISHED:2026/03/18      9 PRESIDENT KHURELSUKH CALLS FOR GREATER RESPONSIBILITY, LEADERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      10 MONGOLIA, US TO EXPAND ALL-ROUND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН НЭМЭГДЭЖ, 216 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЯМРАЛЫН ЭСРЭГ БОДЛОГО БА МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     “СТАНДАРТ ХАНГААГҮЙ“ ХАЯГ, ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖУУДИЙГ БУУЛГАЖ ЭХЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ШАТАХУУНЫ ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     "МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ" ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ WWW.EGUUR.NM НИЙТЭЛСЭН:2026/03/19     МОНГОЛ УЛСЫГ АНУ-ЫН “ВИЗИЙН БОНД” ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     С.МӨНХСҮХ: ТАТВАРЫН АКТЫН МӨНГИЙГ БАЙРШУУЛСАН НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ГЭСЭН ҮГ БИШ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ХЭТ ХОТЖИЖ, СОЁЛЖСОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ӨӨРИЙГ ЭРЭЛХИЙЛДЭГ ЗАЛУУ АЯЛАГЧДЫГ МОНГОЛ УЛС ХҮЧТЭЙ ТАТАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭХ ГАДААД ХУДАЛДААНЫ АЧААГ ӨСГӨХӨӨР ТОХИРОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     "ЭРЧИСТ МОНГОЛ" КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дэлхийн улс орнуудын шатахууны нийлүүлэлтийн хямралын эсрэг бодлого ба Монголд үзүүлэх нөлөө www.itoim.mn

Ираны дайн сүүлийн жилүүдэд дэлхийн эрчим хүчний системд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн геополитикийн шокийн нэг болж, дэлхий даяар шатахууны үнийг огцом өсгөж байна. Энэхүү өсөлт нь дан ганц хүчин зүйлээс шалтгаалсан бус, харин нийлүүлэлтийн тасалдал, зах зээлийн тодорхойгүй байдал, Ойрх Дорнодын эрчим хүчнээс хамааралтай бүтцийн онцлог зэрэг олон хүчин зүйлийн нийлбэр үр дүн юм. Нөхцөл байдал хурцдах тусам улс орнууд өсөн нэмэгдэж буй зардлыг даван туулахын тулд янз бүрийн бодлогын арга хэмжээ авч байна.
Энэхүү хямралын төвд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг стратегийн чухал бүс болох Ормузын хоолой оршиж байна. Энэ бүсэд аливаа доголдол гармагц дэлхийн нийлүүлэлт шууд хумигддаг.
Үүний үр дүнд нефтийн үнэ огцом өсөж, дэлхийн олон бүс нутагт шатахууны жижиглэнгийн үнэ дагаад нэмэгдэж байна. Түүнчлэн шатахууны үнийн өсөлтийн нөлөө зөвхөн эрчим хүчний салбараар хязгаарлагдахгүй. Шатахуун нь тээвэр, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үндсэн орц тул үнэ өсөхөд бараа бүтээгдэхүүний үнэ даган өсдөг. Улс орнууд энэ хямралд өөрсдийн эдийн засгийн бүтэц, бодлогын чиглэлд тохируулан дараах хариу арга хэмжээнүүдийг авч байна.
Европ: Инфляцыг барих ба төсвийн дарамтыг тэнцвэржүүлэх
Европын орнууд шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцыг хязгаарлахын зэрэгцээ төсөвт ирэх дарамтыг аль болох багасгахыг зорьж байна.
Австри улс нэлээд тэнцвэртэй бодлого хэрэгжүүлж байна. Тус улс шатахууны татварыг бууруулснаар шууд хэрэглэгчдэд очих үнийг багасгаж, нэн даруй хөнгөлөлт үзүүлж байна. Үүнтэй зэрэгцэн шатахуун борлуулагчдын ашигт хязгаар тогтоож, үнэ хэт өсөхөөс сэргийлж байгаа аж. Энэ нь зөвхөн үнэ өсөхөөс гадна зах зээл дээр шударга бус ашиг үүсэхээс хамгаалах зорилготой юм.
Франц улс харьцангуй болгоомжтой хандлага баримталж буй. Татвар бууруулах нь төсөвт өндөр дарамт үүсгэж, буцаан нэмэгдүүлэхэд улс төрийн хувьд хүндрэлтэй тул стратегийн нөөцөөс шатахуун гаргах, зах зээлийн хяналтыг чангатгах арга хэмжээг түлхүү авч байна. Тэдний зорилго бол үнийг хүчээр буулгах биш, харин нийлүүлэлтийг тогтворжуулах явдал юм.
Харин Серби, Хорват зэрэг улс илүү шууд оролцоотой арга хэмжээ авчээ. Серби шатахууны экспортыг түр хориглож, дотоодын нийлүүлэлтийг хамгаалж байгаа бол Хорват шатахууны үнийн дээд хязгаар тогтоосон байна. Ийм арга хэмжээ нь богино хугацаанд үр дүнтэй ч урт хугацаанд хомсдол үүсгэх эрсдэлтэй.
Ази: Хамгийн эмзэг бүс
Ази тив Ираны нөхцөл байдлаас хамгийн их хамааралтай бүс нутагт тооцогдож байна. Учир нь Азийн олон улс Ойрх Дорнодын нефтийн импортоос өндөр хамааралтай.
Япон улс шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шууд татаас олгож байна. Засгийн газар жижиглэн худалдаалагчдад нөхөн олговор олгож, шатахууны үнийг тодорхой түвшинд барьж байгаа нь хэрэглэгчдэд үнийн огцом савлагаа мэдрэгдэхээс хамгаалж байна. Гэвч энэ бодлого төсөвт ихээхэн дарамт үүсгэдэг сөрөг талтай.
Өмнөд Солонгос илүү өргөн хүрээтэй бодлого хэрэгжүүлж байна. Үнийн хязгаарлалт, татаасаас гадна цөмийн болон нүүрсний эрчим хүчийг нэмэгдүүлэх замаар нефтийн хамаарлыг бууруулах урт хугацааны стратегийг давхар хэрэгжүүлж байгаа аж.
Харин Филиппин зэрэг улс төсвийн боломж хязгаарлагдмал тул хэрэглээг бууруулахад төвлөрч байна. Төрийн байгууллагуудын шатахууны хэрэглээг багасгах, зайнаас ажиллах горимд шилжих, эрчим хүчний хэрэглээг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байгаа нь зардал багатай ч эдийн засгийн идэвхийг сааруулах талтай.
Хөгжиж буй орнууд дахь хямрал
Бага орлоготой орнуудад нөхцөл байдал илүү хүнд байна. Тэд зөвхөн өндөр үнэтэй тулгараад зогсохгүй бодит хомсдолтой нүүр тулжээ. Шри Ланка улс шатахууны хэрэглээнд хязгаар тогтоож, иргэд долоо хоногт авах шатахууны хэмжээг тогтоосон байна. Мөн ажлын өдрийг багасгаж, зарим үйлчилгээний үйл ажиллагааг хязгаарлажээ. Бангладеш мөн адил эрчим хүчний хязгаарлалт, цахилгаан таслах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдгээр нь жирийн эдийн засгийн бодлого биш, харин хомсдолыг даван туулах онцгой нөхцөлийн арга хэмжээ юм.
Африк: Бүтцийн сул тал ил болсоор байна
Африкийн орнуудын хувьд энэхүү хямрал нь илүү гүнзгий асуудлыг илчилж байна. Олон улс түүхий нефть бус, боловсруулсан шатахуун импортолдог тул үнийн савлагаанд илүү өртөмтгий байдаг. Кени, Гана зэрэг улс татаас олгох, импортын зохицуулалт хийх замаар нөлөөллийг бууруулахыг оролдож байгаа ч валютын ханшийн сулрал, төсвийн хязгаарлалт нь эдгээр арга хэмжээг хүндрүүлж байна.
АНУ: Харьцангуй давуу боловч нөлөөнд автсан хэвээр
АНУ нь дотооддоо нефть олборлодог тул бусад орнуудтай харьцуулахад илүү давуу байр суурьтай. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээлийн нөлөөнөөс бүрэн тусгаарлагдаж чаддаггүй. Шатахууны үнэ богино хугацаанд мэдэгдэхүйц өссөн бөгөөд үүнийг зөөлрүүлэхийн тулд стратегийн нөөцөөс нефть гаргаж зах зээлд нийлүүлж байна. АНУ үнийн шууд хязгаар тогтоохоос зайлсхийж, зах зээлийн механизмыг хадгалсан хэвээр байна.
Ираны мөргөлдөөнөөс үүдэлтэй дэлхийн шатахууны нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөд Хятад болон Орос улсууд өөрсдийн эдийн засгийн байр суурь, стратегийн бодлогыг тусгасан байдлаар хариу үзүүлж байна.
Хятад улс дэлхийн хамгийн том газрын тос импортлогчийн хувьд хүчтэй төрийн хяналтад тулгуурласан бодлого хэрэгжүүлж байна. Дотоодын шатахууны үнийг дэлхийн зах зээлийн өөрчлөлтөд шууд дагуулж өсгөхийн оронд Засгийн газар үнийг аажмаар, хяналттайгаар тохируулж, инфляцын огцом өсөлтөөс сэргийлж буй. Мөн стратегийн газрын тосны нөөцөө ашиглан нийлүүлэлтийг тогтворжуулж, олон улсын зах зээлийн савлагаанаас хамаарах хамаарлыг бууруулж байна. Үүний зэрэгцээ Орос болон Төв Азийн орнуудаас импортоо нэмэгдүүлж, Ормузын хоолойноос хамаарах эрсдэлийг багасгаж байна. Мөн шатахууны экспортыг хязгаарлаж, дотоодын хэрэгцээг нэн тэргүүнд тавьснаар дотоодын тогтвортой байдлыг хангаж байна. Ерөнхийдөө Хятадын бодлого нь төрийн хяналт, урт хугацааны төлөвлөлтөд суурилж, гаднын шокийг саармагжуулахад чиглэж байгаа аж.
Орос улс томоохон экспортлогчийн хувьд энэ нөхцөл байдлаас ашиг хүртэж байна. Дэлхийн зах зээл дээрх үнэ өсөхөд тус улсын экспортын орлого нэмэгдэж, эдийн засгийн байдал сайжирдаг. Барууны хориг арга хэмжээнээс шалтгаалан Орос улс газрын тосоо Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнууд руу чиглүүлэх болсон бөгөөд энэ хандлага уг хямралын үед улам эрчимжиж байна. Мөн хямд үнээр нефть нийлүүлснээр худалдан авагчдыг татаж, экспортын хэмжээгээ хадгалах боломж бүрдүүлнэ. Ингэснээр барууны зах зээлээс өөр, өөрийн гэсэн нийлүүлэлтийн сүлжээг бий болгож байна. Дотооддоо шатахууны үнийг хянаж, татаас олгож байгаа нь инфляцыг тогтвортой байлгах нэгэн арга аж. Ийм байдлаар Орос улс энэхүү хямралыг эдийн засгийн боломж болгон ашиглаж, дотоод тогтвортой байдлаа хадгалж байна.
Монголд үзүүлэх нөлөө
Ираны дайн Монгол Улсын шатахууны үнэ болон нийлүүлэлтийн сүлжээнд шууд бөгөөд хүчтэй нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Учир нь манай улс газрын тосны бүтээгдэхүүний 93 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас, 1 хувийг БНСУ-аас импортолдог. Үүнээс ОХУ-аас шатахууны хувьд ихээхэн хамааралтай гэдгийг төвөггүй харж болно. Ойрх Дорнод дахь нийлүүлэлтийн тасалдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх үед Оросын экспортын үнэ мөн дагаж нэмэгддэг. Үүний улмаас Монгол Улс дайны бүсээс хол байрлаж байгаа ч өндөр үнээр шатахуун импортлох нөхцөл үүснэ.
Нөгөө талаас, хэрэв ОХУ шатахууны экспортоо илүү өндөр үнэ төлөх чадвартай Хятад зэрэг том зах зээлүүд рүү чиглүүлбэл манай улсад нийлүүлэлт багасах, саатах эрсдэл нэмэгдэнэ. Цаашлаад шатахууны үнэ өсөх, нийлүүлэлтийн тогтворгүй байдал үүсэх зэрэг давхар дарамтад орж болзошгүй. Дотоодын боловсруулах хүчин чадал сул, нийлүүлэгчээ төрөлжүүлээгүй нөхцөлд ийм гадаад шок нь богино хугацаанд шатахууны үнэ өсөх, тээврийн зардал нэмэгдэх, улмаар хүнсний үнэ болон нийт эдийн засагт дарамт учруулах шалтгаан болдог.

BY Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-03-19