С.Мөнхсүх: Татварын актын мөнгийг байршуулсан нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш www.itoim.mn
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өгч, асуултад хариулсан юм.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2025 оны санхүүгийн тайлан болон 2026 оны ажлын даалгаврын талаар хэлэлцжээ. 2026 онд тус компани 387 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс 30 хувиар илүү аж. Энэ хэмжээний баяжмал үйлдвэрлэхийн тулд 42 сая тонн хүдэр тээвэрлэж, боловсруулах шаардлагатай. Энэ нь мөнгөн дүнгээрээ 5.5 тэрбум ам.долларын орлого олох бөгөөд чөлөөт мөнгөн урсгал нь нэг тэрбум ам.доллар болно гэж тооцжээ.
Компани энэ оноос ашигтай ажиллаж эхлэх бөгөөд ашгийнхаа ихэнхийг өр төлөхөд зарцуулна гэдгийг Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэлсэн юм. Тэрээр мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсныг тоймлон хүргэе.
-Энэ жилийн ашгаараа зээл төлнө гэлээ. Одоогоор Оюу толгой компанийн хэдэн, хэдий хэр хэмжээний зээл байна вэ?
-Хамгийн түрүүнд төлөгдөх, хариуцлага өндөртэй зээл бол 15 банкнаас авсан 4.3 гэрбум ам.долларын зээл. Үүний эргэн төлөлтийг бага багаар хийгээд явж байсан. 2026 онд олох ашгаасаа голдуу энэ зээлийг төлөөд дуусгана. Үүний дараа хэд хэдэн төрлийн санхүүжилтүүд бий. Рио Тинто яг ижил нөхцөлөөр 1.6 тэрбум ам.долларын зээлийг Оюу толгойд зээлж байсан. Энэ бүхэн 2025 оны жилийн эцсийн тайланд хүүтэйгээ, үндсэн дүнтэйгээ тодорхой гарна. Хамгийн сүүлд төлөгдөх хувь нийлүүлэгчдийн зээл гэж байгаа.
-Компанид хэчнээн монгол хүн ажилладаг вэ. Цалингийн зардлын хэдэн хувийг монгол ажилчдын цалин бүрдүүлдэг вэ?
-Оюу толгой компанийн ажилчдын 97 хувь нь монголчууд, гурван хувь нь гадаад хүн байгаа. Удирдах түвшинд гурван гадаад хүн ажиллаж байна. Цалингийн зардлын 85 орчим хувь нь монгол ажилчдын цалинд зарцуулдаг.
-Засгийн газар Рио Тинтогийн хооронд хэлэлцээр үргэлжилж байна. Менежментийн төлбөрийг бууруулах санал тавьсан байсан. Энэ төлбөрийг бид хэзээнээс төлөхөө болих вэ?
-Засгийн газар Рио Тинтогийн хэлэлцээрт хамгийн сүүлд авсан хувь нийлүүлэгчдийн хоорондын зээлийн асуудлыг ярилцаж байгаа. Энэ зээл хөвөгч хүүтэй. Анх libor+ 6.5 хувь байсан.
Би хэлэлцээрийн багийн гишүүн биш. Оюу толгой бол хоёр хувьцаа эзэмшигчдээ хоёуланд нь адилхан үйлчлэх ёстой. Хэлэлцээрээр нэгд, зардлыг бууруулах, үр өгөөжтэй байлгах. Хоёрт, менежментийн төлбөрийг бууруулах асуудал яригдаж байгаа. Энэ хоёр асуудлыг Рио Тинтотой зарчмын хувьд дэмжиж байгаа. Гол нь төлбөр нь хэд байх, ямар үзүүлэлттэй байх вэ гэдэг дээр хэлэлцээр явж байгаа гэж хэлж болно.
-Монголын татварын байгууллагаас Оюу толгой компанид татварын акт тавьсан. Ерөнхий сайд шаардлага тавиад татварын актын мөнгийг байршуулсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Та үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Татварын байгууллага компанийн 2021–2022 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, 440 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгийн татварын акт тавьж байсан. Хуулиараа татварын акт тавиад татварын байгууллагаас нэхэмжлэл ирсэн тохиолдолд маргасан, маргаагүйгээс үл хамаарч татвараа төлөх үүрэгтэй байдаг. Тиймээс хуулийн дагуу 440 сая ам.долларын татварын актын төлбөрийг Оюу толгой компани төрийн дансанд хийсэн. Татварын акт тавьсан шалтгаан олон асуудал байдаг юм билээ. Ихэнх нь одоо Арбитрын маргаан дээр яригдаад явж байгаа сэдвүүд бий. Татварын актад тавьсан төлбөрийг төлсөн гэдэг нь компани хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг биш.
Сүүлд тавьсан татварын актад хэд хэдэн шинэ шалтгаан дурдсан байсантай санал нийлэхгүй байгаа. Үүнийг цаашаа маргаан таслах процессоор нь шийдээд явна. Үүнийг хуулиараа урьдчилгаа төлбөр гэж тооцож байгаа. Шүүхийн шийдвэрээс шалтгаалаад энэ төлбөр тооцоо аль талдаа гарах вэ гэдэг нь тухайн үед шийдэгдэнэ. Компани татварын зөрчил гэдэгтэй санал нийлэхгүй байгаа.
-Засгийн газар ногдол ашиг авах хугацааг наашлуулах, 2026 онд авах саналыг хэлэлцээрийн үеэр тавьсан гэсэн. Энэ саналыг хүлээж авах боломжтой юу?
-Рио Тинто энэ асуудлыг судалъя гэсэн. Гэхдээ эргэн төлөгдөх шаардлагатай зээлүүд бий. Тиймээс ногдол ашиг хүртэх хугацаа болоогүй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Одоо байгаа мөнгөнийхөө хуваарилалтыг өөрчлөөд, өөр арга зам байгааг судална гэдгээ Рио Тинто хэлсэн. Хоёр талаасаа талууд ойлголцоод явбал болохгүй зүйл байхгүй гэж би хувьдаа үзэж байгаа.
BY Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-03-19





