Н.Нандинхүсэл WNCAA Division I-д тоглох анхны монгол тамирчин боллоо www.itoim.mn
3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 18 насандаа Монголын хамгийн залуу МУГТ болсон Н.Нандинхүсэл олон улсын тавцанд дахин нэг том боломжийн өмнө ирлээ. Үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга тэрээр АНУ-ын “Florida Tech Panthers” багт тоглож байх хугацаандаа WNCAA-гийн дээд ангилал болох Division I-д хүч сорих урилга хүлээн авчээ.
Түүний тоглолтын хэв маяг нь хурд, довтолгооны шийдэл, алсын зайн шидэлтээрээ онцлог бөгөөд богино хугацаанд дасгалжуулагч, скаутуудын анхаарлыг татаж чаджээ. Үүний үр дүнд WNCAA-гийн дээд түвшин болох Division I-ийн багуудаас ирэх улиралд элсүүлэх урилга хүлээн авсан нь түүний карьер дахь томоохон дэвшил болж байна.
9 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн түүний мөрөөдөл бол эмэгтэйчүүдийн дэлхийн хамгийн том лиг WNBA-д тоглох юм. Division II-оос Division I-д дэвших энэ боломж нь тэрхүү мөрөөдөлд улам ойртуулж буй чухал алхам болж байна. Монголдоо өсвөр, залуучуудын ангиллаас эхлэн амжилт үзүүлж, улмаар Үндэсний дээд лигт түрүүлж, өөрийгөө баталсан. Харин 3х3 төрлөөр эх орноо төлөөлөн дэлхийн аваргад оролцож мөнгөн медаль хүртсэн нь түүнийг олон улсын хэмжээнд таниулсан чухал амжилт болсон юм.
undefined
Н.Нандинхүсэл “Монголын хүүхэд, залуусын АНУ-д тоглох замыг нээхийг хүсдэг. Одоогоор Division II-д тоглож байгаа ч ирэх улиралд Division I-д тоглох урилга авсандаа маш их баяртай байна. Урилгыг хараад үнэхээр итгэж чадахгүй, шоконд орсон” хэмээн Сентрал телевизийн “The Tonigth Show”-нд оролцохдоо хэлсэн юм.
undefined
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд Сингапурт болно. "FIBA 3x3 Asia Cuр" тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй баг бэлтгэлдээ гарсан. Багийн бүрэлдэхүүнд багтсан гавьяат тамирчин Н.Нандинхүсэл АНУ-аас ирж шигшээ багийн бэлтгэлдээ ороод байгаа юм. Азийн аваргын тэмцээний чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа Монголын шигшээ баг "B" хэсгийг тэргүүлж Шинэ Зеланд болон урьдчилсан хэсгээс шалгарсан багуудтай нэг хэсэгт багтлаа.
Харин 206 см өндөр, талбай харах чадвар, оновчтой дамжуулалтаараа ялгардаг Ш.Энхийн-Од Америкийн оюутны лиг буюу NCAA Division l-д тоглосон анхны монгол тоглогч бөгөөд коллежийн карьертаа Dayton Flyers багт 2022-2023 онд, San Francisco Dons багт 2023-2024 онд, Utah Utes багт 2024-2025 онд, South Carolina сургуулийн багт 2025-2026 онуудад тоглосон билээ.
Монголын залуу тамирчид ур чадвар, хөдөлмөрөөрөө шат ахин дэвшиж, зөвхөн өөрийн амжилтаар хязгаарлагдахгүй, дараагийн үеийн тамирчдад боломжийн хаалга нээх зорилготойгоор дэлхийн тавцанд итгэл төгс урагшилж байна.
Батхуяг МӨНХЗУЛ
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-03-30





