KakaoBank үйл ажиллагааны тэлэлтийнхээ гурав дахь гадаад зах зээлээр Монгол Улсыг сонгожээ www.itoim.mn
БНСУ-ын дижитал банк болох KakaoBank дэлхийн зах зээл дэх үйл ажиллагааны тэлэлтийнхээ гурав дахь гадаад зах зээлээр Монгол Улсыг сонгон нэвтрэх болсноо зарлалаа. Тус банк өөрийн боловсруулсан зээлийн үнэлгээний “KakaoBank Score” системийг Монголын санхүүгийн байгууллагад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ талаар гүйцэтгэх захирал Юн Ху Ён мэдэгдсэн бөгөөд “Монголд нэвтрэх нь манай хүртээмжтэй санхүүгийн чадавхыг дэлхийн түвшинд гаргаж буйгаараа онцлог” гэж онцлов.
Ийнхүү манай улс Индонез, Тайландын дараах тус банкны гадаад зах зээл рүү тэлж буй гурав дахь улс болж байна. KakaoBank Тайландын SCBX Group-тэй хамтарсан онлайн банк “BankX”-ийг ирэх оны эхний хагаст нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн Индонезид байгуулсан анхны хөрөнгө оруулалт болох Superbank өнгөрсөн оны сүүлээр дотоодын хөрөнгийн зах зээлд IPO хийжээ.
Юн Ху Ён “Бид Индонез, Тайланд, Монгол дахь амжилтаа тулгуур болгон дэлхийн зах зээлд бүрэн хэмжээний өргөжилтөө эрчимжүүлнэ” гэж нэмж хэлсэн байна.
Мөн тус банк Солонгост амьдарч буй гадаад иргэд болон шинээр ирж буй хүмүүст зориулсан үйлчилгээгээ өргөжүүлж, хиймэл оюунд суурилсан бодит цагийн орчуулгын шийдэл нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ холбогдох хууль эрх зүй батлагдсаны дараа вонтой уялдсан стейблкойн гаргаж, түгээх замаар өөрийгөө “дэлхийн холбогч” болгоно гэж мэдэгдэв.
Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-08





