Ирэх онд нийслэл 4.6 их наяд төгрөгийн төсөв зарцуулна www.gogo.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Д.Ихбаярт өргөн барилаа.
Ирэх оны төсвийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ. Энэ нь 2026 оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Төсвийн төслийг иргэдийн санал асуулга, судалгаанд үндэслэн дараах дөрвөн үндсэн чиглэлд төвлөрүүлэн боловсруулсан байна. Үүнд:
- Агаар, орчны бохирдлыг бууруулах
- Авто замын түгжрэлийг шийдвэрлэх
- Дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Засаглалыг сайжруулах
Мөн төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлж, иргэдийн өдөр тутмын тулгамдсан асуудлыг орон нутагт нь шийдвэрлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гол эх үүсвэр нь нийслэлийн төсөв байсан. Харин ердөө долоон хувь нь бусад эх үүсвэрээс хэрэгждэг байжээ. Цаашид хувийн хэвшилтэй хамтран хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ бизнесүүдээ дэмжих бодлого баримтална" гэв.
Төсвийн тухай хуульд зааснаар нийслэлийн төсвийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлж, арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах юм.
Нийтэлсэн огноо2026-11-22





