Дотоодын аялал жуучлалын өгөөж 2.6 их наяд төгрөг www.news.mn
Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсад оршин суугаа 3.4 сая хүн амын 1.7 сая нь буюу 48.7 хувь нь дотооддоо аялжээ. Дотоодын жуулчдыг аяллын гол зорилтот чиглэлээр харвал, ихэнх нь Хөвсгөл аймгийг зорьдог. Тус аймаг руу 328.6 мянган жуулчин аялсан байна. Архангай аймаг руу 265.2 мянга, Улаанбаатарт 211.6 мянга, Сэлэнгэ аймагт 178 мянга, Өвөрхангай аймагт 153.2 мянга, Увс аймагт 146.7 мянган дотоодын жуулчин хамгийн их аялсан бол Говьсүмбэр аймаг руу аялсан жуулчдын тоо хамгийн бага байна гэдгийг “Дотоодын жуулчдын түүвэр судалгаа 2025″-ын үр дүн харуулжээ. Нийтдээ 2.6 их наяд төгрөг эргэлдэж байгаа бөгөөд аялагчдын ихэнх нь амралтын газар, жуулчны баазад хонож, ая тухтай амрахыг эрхэмлэдэг болсныг тоон үзүүлэлтүүд харуулав. Уг судалгаанаас аялал жуулчлалын салбарынхан зөвхөн гадаад гэлтгүй дотоодын аялагчдадаа анхаарч, тэдэнд чиглэсэн шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж, тав тухтай байж чадвал эдийн засгийн өндөр өгөөжтэй гэдэг нь харагдаж байна.
Засгийн газраас дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зургаан хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээлийг зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, автозам дагуух түр буудаллах цэг, зам дагуух үйлчилгээний цогцолбор, жуулчин тээврийн хэрэгсэл болон агаарын тээврийн хэрэгслийн төрлүүдэд олгож эхэлсэн байна. Нэг аж ахуйн нэгж 7 тэрбум хүртэлх зээл авах боломжтой гэдгийг албаныхан мэдээлсэн. Энэ санхүүжилтээ үнээ хэт хөөрөгдөх бус жуулчдыг татсан, үйлчилгээний чанартаа илүү анхаарч, ядаж л модон жорлонгоо сайжруулсан байхыг аялагчид хүсч байна.
Өнгөрсөн 2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрч, аялал жуулчлалын салбар түүхэнд байгаагүй өсөлт үзүүлжээ. Тодруулбал, 2025 онд Монгол Улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оноос 16 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Засгийн газар 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсээд байгаа. Засгийн газраас энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих шийдвэр гарсан нь энэ юм.
“Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /НҮТББ/-аас 2019 оноос хойш дотоодын аялагчдын зорих газар буюу жилийн ямар улиралд Монгол орны аль бүсээр хэдэн мянган дотоодын аялагч аялж байгааг тогтоох, тооцоолох судалгааг хийж байсан юм.
Уг судалгаагаар 49 хувь нь гэр бүлээрээ, 29 хувь нь найз нөхдөөрөө, таван хувь нь байгууллагаараа, таван хувь нь ганцаараа, таван хувь нь танихгүй групптэй, таван хувь нь аяллын клубээр дамжуулан аялана гэж хариулж байжээ.
Сүүлийн жилүүдэд найз нөхдөөрөө аялах хүмүүсийн тоо бага байгаа төдийгүй гэр бүлээрээ аялах сонирхолтой хүмүүсийн тоо ч мөн багасч байна. Харин эсрэгээрээ танихгүй хүмүүстэй групп болж аялах, ганцаарчлан аялах, аяллын клубээрээ аялах хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
Аялалд зарцуулах мөнгөн дүнг харвал 24.7 хувь нь аялалд 1.0-1.2 сая төгрөг, 15.8 хувь нь 1.3-1.5 сая, 19 хувь нь 2.5 саяас дээш төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Аялалд зарцуулагдах мөнгөн дүн жил ирэх тусам нэмэгдэж болжээ.
Нийтэлсэн огноо2026-04-24





