Х.Нямбаатар: Туулын хурдны замын гүйцэтгэгчээр шалгарсан компани хохирол нэхэмжлэх байх www.itoim.mn
Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хуралд оролцохоор ирсэн хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа намын хорооны даргын асуудлыг нээлттэй ярина гэлээ.
Тэрээр, “Өнөөдрийн хурлаар гурван асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, нэг жил зургаан сарын хугацаанд Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байгаа талаар илтгэл тавина. Хоёрдугаарт, МАН-ын үндсэн дүрэм болон санхүүжилтийн журмын хүрээнд татвараа төлөөгүй нийслэлийн намын хорооны тэргүүлэгч болон гишүүдэд хариуцлага тооцно. Гуравдугаарт, зохион байгуулалтын асуудал. Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшиж, чөлөөлөх асуудлыг нээлттэй оруулж ирж байгаа. Зарим дэд дарга нар, тэргүүлэгчдийг чөлөөлнө. Намын хорооны гишүүд хэлэлцэх асуудалд санал гаргах нь нээлттэй.
Туулын хурдны замыг зогсоосон асуудлыг бүтэн сайн ойлгоогүй. Би өнөөдөр намын даргад хэлсэн. Олон улсын арбитртын холбоотой асуудал үүсэх учраас Засгийн газар албан ёсоор тогтоол баталж, шийдвэр гаргах хэрэгтэй. Тэр тогтоолыг үндэслэж гүйцэтгэгч байгууллага руу би бичиг өгнө. Олон улсын гэрээний дагуу гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын дагуу нээлттэй тендерт оролцоод шалгарсан аж ахуйн нэгжид хохирол учирвал хохирлоо нэхэмжлэх байх. Заавал албан бичиг ирж байж би цааш нь явуулна. Хууль хяналтын байгууллагаар Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлыг шалгуулна гэсэн. ТЭЗҮ олон улсын жишгээр явсан уу, тендер нээлттэй ил тод явагдсан уу, төсөвт өртөг нь олон улсын жишигт нийцсэн үү гэдгийг шалгах болон улсын экспертүүд томилох ёстой. Урьдчилгаа төлбөр хуулийн дагуу өгсөн үү, мөнгө нь дансандаа бүрэн байна уу гэдгийг олон нийтэд нээлттэй гаргах ёстой. Би эхлүүлсэн. Харин ямар хүмүүс хэрхэн зогсоосон нь хожим баримт болж үлдэх ёстой.
Хоёрт, өнгөрсөн жилийн Л.ОюунЭрдэнийн бэрийн цүнхний ажиллагааны үргэлжлэл над дээр явагдаж байна. Миний охины багаасаа тэжээсэн нохойны үнийг хүртэл гаргаад тавьчихсан ч байх шиг. Манай охины биеийн байдал сайнгүй байгаа. Үүнийг нь өнгөрөөж байгаад оролдоорой гэж би зохион байгуулж байгаа хүмүүст өчигдөр хэлсэн. Миний амьдарч байгаа газрын дээгүүр өчигдөр дрон нисгэж байна. Араас машин дагаж байна. Надтай албан тушаал булаацалдаад байгаа хүмүүс өнөөдөр ирээд өрсөлд. Дагаж, мөрддөг ажлаа одоо болих хэрэгтэй.
Талбай дээр байгаа хүмүүсийг танай намын нэг нөхөр санхүүжүүлж байна гэдэг зүйлийг хэлсэн. Надтай албан тушаал булаацалдаад байгаа хүмүүс өнөөдөр надтай ирээд өрсөлд. Энэ бол хамгийн эрүүл арга. Мөн миний хэрэгжүүлж байгаа бүх төслийг АТГ-т өгч байна. Үүнийгээ сайн шалгаарай. Миний дансанд болон хамаарал бүхий хүмүүст нэг юань, ам.долларын гүйлгээ орлого орсон бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Үнийн өсөлтөө гэрээ эзэмшигч хариуцна. Ханшийн өсөлтөө захиалагч хариуцахаар хийсэн гэрээ. Хэрвээ Туулын хурдны замын ажил үргэлжилбэл би урьдчилгаа төлбөрийг цаашид ч нэмж өгнө. Учир нь бид ханшийн эрсдэлийг хүлээж байгаа учраас энэ ажлыг 20 сарын дотор алдагдал багатай дуусгана. Бид гуравдугаар сарын 15-нд ажлаа эхлүүлсэн. Зогсоогоод 50-иад хонож байна. Зогсоосон хүмүүст дараа нь алданги, хохирол нэхэмжлэх цаг үе ирэх байх.
Би харамсаж байна. Эрх мэдэл албан тушаалын төлөө улайрч байгаа хүмүүст эх орны хөгжил, ард түмний ахуй амьдрал ямар ч падгүй юм байна. Нам ерөөсөө хамаагүй юм байна. Намын эрх ашиг нийлсэн бүлэглэлүүдийн албан тушаалаа хадгалж үлдэх эрх ашиг нь л чухал гэдгийг яс махандаа тултал ойлгож байна.
Гэр бүл, үр хүүхдээр оролдох нь хамгийн адгийн арга шүү. Би дахиад ч намын хорооны хурлаа хийнэ. Би Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох ажлаасаа нэг ч алхам ухрахгүй" гэлээ.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-04-23





