Д.Цолмон: Стратегийн ордын үр өгөөжийг нэмэх, бие даасан хууль боловсруулна www.itoim.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлыг эрчимжүүлж, иргэдэд очих өгөөжийг бодитойгоор нэмэх,хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх бие даасан төслийг боловсруулж, нэн яаралтай Засгийн газрын хуралдаанаар танилцуулах үүрэг чиглэлийг өгчээ.
ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон: УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн холбогдолтой ашигт малтмалын ордыг тодорхойлж өгсөн байдаг. Нийт 16 ордыг хамруулснаас одоогоор долоон ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдсон. Бусад ордын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшил эзэмшиж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 25 аж ахуй нэгжтэй хэлэлцээ хийх шаардлага үүссэн. Эдгээрээс 11 аж ахуй нь үйл ажиллагаа явуулдаггүй учраас үлдсэн газруудтай хэлэлцээ хийхээр зорьж байна.
Ажлын хэсэг тухайн аж ахуй нэгжүүдээс санхүүгийн татварын тайлан болон бусад шаардлагатай мэдээллүүдийг татаж судлаад төрд ногдох өгөөжийн тооцооллыг хийж байна. Одоогоор дөрвөн аж ахуй нэгжтэй тусгай зөвшөөрөл эзэмшиж буй талбай дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг урьдчилсан байдлаар тохироод байна. Ингэхдээ орд ашиглалтын үр өгөөжийн 60 хувьтай тэнцэх өгөөжийг ард иргэд хүртэнэ гэсэн зарчмыг тохирсон. Бусад аж ахуй нэгжүүд энэхүү хэлэлцээрт нэлээд идэвхгүй оролцож байна. Өөрөөр хэлбэл, шаардсан материал, тайлан судалгааг өгөөгүй. Үүнээс шалтгаалж Засгийн газраас өгөөжийг тооцох, санхүүгийн загвар боловсруулахад хүндрэл үүсэж байна. Нөгөөтээгүүр, өгөөжийн бүтэц тооцоолох аргачлал нэгдсэн тодорхойлолт байхгүй учраас ордууд дээр харилцан адилгүй тооцоолол гарч байна. Түүнчлэн зарим орд ТЭЗҮ-ээ шинэчлэн батлаагүй байгаагаас хэлэлцээ удаашралтай, цаг хугацаа алдаж байна. Эдгээр шалтгааныг харгалзан үзэж иргэдэд очих өгөөжийг бодитойгоор нэмэх, хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх зорилгоор бие даасан төслийг боловсруулж, нэн яаралтай Засгийн газрын хуралдаанаар танилцуул гэсэн үүрэг чиглэлийг өглөө гэв.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-05-06





