Монголын Хятад руу нийлүүлсэн нүүрсний экспорт дөрөвдүгээр сард 61 хувиар өсжээ www.itoim.mn
Монголоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ дөрөвдүгээр сард 61 хувиар өссөнөөр Монгол Улс дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч, мөн Хятадын урт хугацааны гол түлш нийлүүлэгч Индонезыг давсаныг онцлон Ройтерс агентлаг мэдээлжээ
Лхагва гарагт нийтлэгдсэн Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс дөрөвдүгээр сард Хятад руу 11.33 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь 11.12 сая тонн нүүрс нийлүүлсэн Индонезоос ялимгүй өндөр үзүүлэлт болсон бөгөөд Индонезын нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 22 хувиар буурчээ.
Оны эхний дөрвөн сарын байдлаар Индонез нийт 61.43 сая тонн нүүрс нийлүүлснээр тэргүүлэгч байр сууриа хадгалсан хэвээр байгаа бол Монголын нийлүүлэлт 39.37 сая тоннд хүрсэн байна. Гэхдээ Монголын экспорт өмнөх оны мөн үеэс 61 хувиар өсжээ.
Далайн тээврийн шинжилгээний Signal Ocean платформын мэдээлснээр “Хятадын дотоодын олборлолт өсөж, нүүрсний дотоод үнэ буурснаар Индонезын илчлэг багатай импортын нүүрсний өрсөлдөх чадвар Хятадын эргийн бүсийн зах зээлд суларсан” гэжээ.
Мөн Индонезын нүүрсний экспорт цаашид илүү тогтворгүй болох төлөвтэй байна. Учир нь тус улс лхагва гарагт нүүрс болон дал модны тос зэрэг гол түүхий эдийн экспортыг төрийн өмчит нэг компанийн дор төвлөрүүлэх өргөн хүрээтэй төлөвлөгөө танилцуулсан юм. Энэхүү төлөвлөгөө нь хөрөнгө оруулагчдыг түгшээсэн бөгөөд Ерөнхийлөгч Прабово Субианто үүнийг үнийн хяналтыг илүү төвлөрүүлэх зорилготой гэж тайлбарласан байна.
Хятадын гурав, дөрөв дэх том нийлүүлэгчид болох ОХУ болон Австралийн нүүрсний импорт дөрөвдүгээр сард тус тус 30 болон 39 хувиар буурчээ.
Ийнхүү буурсан нь Хятад улс нийт нүүрсний импортоо танасантай холбоотой аж. Хятадын нүүрсний импорт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14 хувиар буурч, 33.1 сая тоннд хүрсэн бол оны эхнээс хойших нийт импорт 2.1 хувиар буурч, 149.4 сая тонн болсон байна.
Нийтэлсэн огноо2026-05-25





