ХасБанк залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ЕСБХБ-аас 80 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа www.gogo.mn
ХасБанк бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч, 35 хүртэлх насны залууст чиглэсэн 80 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай зурлаа.
Тус санхүүжилт нь талуудын хооронд 2025 оны 3-р сард байгуулагдсан 147 сая ам.долларын синдикат зээлийн хэлцлийн үргэлжлэл бөгөөд хэлцлийн үр дүнд ХасБанкнаас хэрэгжүүлж буй Залуу бизнес эрхлэгчийн зээлийн хүртээмж нэмэгдэж, шинээр бизнес эхлүүлж байгаа болон бизнесээ өргөжүүлэхээр зорьж буй залууст боломж улам нээгдэж байна.
Мөн шалгуур хангасан залуучууд ЕСБХБ-ны "Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-т хамрагдаж төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ авах боломжтойн дээр бусад залуу бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоон, туршлага, ноу хау солилцох зэрэг олон давуу тал бий болох юм.
Судалгаанаас харахад 18-35 насны залуучууд Монгол Улсын нийт хүн амын ойролцоогоор 27 хувийг эзэлж байна. Залуучуудын дунд бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл өндөр байгаа хэдий ч санхүүжилт болон мэргэжлийн зөвлөгөө, сургалт авах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Харин ХасБанк болон ЕСБХБ-ны хамтын ажиллагааны үр дүнд залуучуудад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн хүртээмж нэмэгдсээр байна.
Нийтэлсэн огноо2026-06-08





