Валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгт хүрчээ www.eagle.mn
Мөнгөний нийлүүлэлт (M2) 2026 оны тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 52 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт бөгөөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.9 их наяд төгрөгөөр, валютын харилцах 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Бага мөнгө (M1) 2026 оны тавдугаар сарын эцэст 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.0 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 322.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүний 11.6 их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 1.0 их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Харин бараг мөнгө 39.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.3 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 992.8 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнээс 28.1 их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.5 их наяд төгрөг нь валютын хадгаламж, 5.7 их наяд төгрөг нь валютын харилцах эзэлж байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2026 оны тавдугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 80.4 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 47.6 тэрбум төгрөгөөр өсжээ.
Төгрөгийн хадгаламж 28.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5.9 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 708.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон байна. Үүний 22.8 их наяд төгрөг нь иргэдийн, 5.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 220.6 тэрбум төгрөгөөр өссөн ч өмнөх сараас 71.6 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-06-16





