Янжуур тамхины үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэнэ www.itoim.mn
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилж байна. Уг хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор өнөөдөр хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Уг хуулийн төслөөр жилд 20 ширхэг янжуур тамхин дээр 1500 төгрөг буюу нэг ширхэг янжуур тамхин дээр 75 төгрөг нэмэгдэнэ гэж харагдаж байна. Өмнө нь бол жилдээ нэг төгрөгөөр нэмэгдэж байсан. Одоо ийм хэмжээний татварын өөрчлөлт гарснаар хэрэглээн дээр ямар хэмжээний өөрчлөлт гарахаар байна вэ?
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн: Хяналтын тухай хуулийн гол хэрэгсэл бол тамхинд шинээр орж байгаа болон шинээр татаж эхэлж байгаа хүмүүсийг цөөрүүлж, бууруулах зорилготой учраас татварын бодлого бол хамгийн сайн аргачлал гэж хэлж болно. Тэр утгаараа 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс янжуур тамхи 2000 төгрөгөөр нэмэгдэнэ. Ийнхүү тамхины хэрэглээг бууруулахаар татварын бодлогыг хэрэгжүүлэхийг зорьсон. Бид санхүүгээр нь тамхины хэрэглээг бууруулах бодлогоосоо ухраагүй байгаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Төслийн нэгдүгээр зүйлийн 1 дэх заалтын 3.1.13 татах төхөөрөмжийн эд анги, татах төхөөрмжийн дагнан хэрэглэдэг хэсэг гэдэг дээр үүнд ямар төхөрөмжүүд, хэдэн төрөл байгаа вэ. Мөн одоо байгаагаас хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн: Татах төхөөрөмжийн эд анги, дагалдах хэрэгслийн ангиллыг ялгахад хүндрэл үүсэх тул нэр томъёоны тодорхойлолтод татах төхөөрөмжийн эд анги дагалдах хэрэгслийг нэгтгэн татах төхөөрөмжийн эд анги болгон томъёолсон.
Гаалийн Ерөнхий газрын төлөөлөл: Одоо улсын хилээр хоёр төрлийн төхөөрөмж орж ирж байгаа. Нэгэнд нь халаадаг тамхины төхөөрөмж орж ирж байна. Нөгөөх нь электрон тамхи буюу шингэнтэйгээ хамт орж ирдэг, цэнэглэж хэрэглэдэг ийм хоёр төхөөрөмж орж ирж байгаа. Доторх эд ангийг нь салгаад оруулж ирэх боломжтой юм. Тиймээс эд анги гэж оруулж ирсэн. Халаагч тамхины хувьд үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Эдгээр хэрэгслүүд нь дангаараа эд анги болж орж ирдэг. Тиймээс тамхины хяналтын тухай хуулинд тамхин бүтээгдэхүүнтэй нийцүүлж эд анги болон, татах төхөөрөмжийг нэр томъёонд оруулж өгсөн байгаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Танай баг дотор зан үйл судлаач байгаа юу, тэр талаас нь сонсмоор байна. Донтолтыг яг тайлбарлах хүн байна уу. Дагалдах эд ангиуд дээр татварын төлбөр хэр их нэмэгдэх вэ?
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн: Никотин агуулсан биш туслах төхөөрөмж гэдэг утгаараа зөвхөн гаалийн татвар тавигдана. Татварын хувьд никотин агуулаагүй, тамхин бүтээгдэхүүн биш гэдэг утгаараа татварыг онцгой албан татваргүй гаалийн татвартай байхаар тусгасан.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Хэрэглээг нь бууруулах зорилготой хуулийн төслийн өөрчлөлт. Хэрэглээ гэдэг чинь кейс, дагалдах тоног төхөөрөмж эд анги нь бүгд тэр хэрэглээгээ бий болгож байгаа хүчин зүйл. Тэгэхээр дагалдах хэрэгслийн татвар ч мөн адил нэмэгдэх шаардлагатай байхад бага татвартай байгаад байна. Ийм ажлын хэсэг гэж юу байсан юм бэ?
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн: Дагалдах эд ангийг стандарчлахаар тогтоосон. Стандарчлал гэдэг нь өнгө, үнэр биш ялангуяа сонирхол татах хэмжээнд биш байхаар стандартад нь тусгаж байгаа учраас тэр нь хүний сонирхол татах хэмжээнд байхгүй байхаар тусгасан. Бид тамхин дээр онцгой албан татварыг нэмэгдүүлж татварыг нэмэгдүүлснээрээ хэрэглээг бууруулна. Мөн гаднах тал, үзэгдэх байдлыг 70 хүртэлх хувийн эрүүл мэндэд ноцтой гэдэг тэмдэглэгээ тавьсан.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Өндөр хөгжилтэй улс орнууд Тамхины хяналтын тухай хуулиндаа хүүхдүүдэд тамхи тамхин бүтээгдэхүүн борлуулахыг хориглож заалт оруулаад амжилттай явж байгаа. Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчлөл хамгийн их хувийг эзэлж байгаа. Манай улсад аюултай хорт хавдрын шалтгаан бол тамхи юм. Бид ирээдүй болсон хүүхэд залуучуудаа тамхи хэрэглэдэггүй болгоё. Тамхи гэж огт мэддэггүй болгоё. Янжуур тамхи, электрон тамхи аль алиныг нь хэрэглэдэггүй болгох нь Монголын ирээдүйн төлөөх маш том хувь нэмэр юм шүү.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Тамхины татварыг тамхидалтыг бууруулах эсвэл эрүүл мэндийн чиглэлд зарцуулмаар байна. Монгол Улс тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлаас болоод жилд 800 тэрбум төгрөгний эдийн засгийн хохирол амсаж байгаа юм. Урьдчилан сэргийлэлт дээр тамхины татавараа зарцуулъя гэсэн үзэл санаагаар заалт оруулж ирсэн. Гэтэл тэр заалтыг маань хассан байна. Уг татварын мөнгө хэн нэг даргын гадаад томилолтын зардал болоосой гэж бодохгүй байна. Энэ заалтаа үлдээх саналтай байна.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн: Би ч бас татварын мөнгийг эрүүл мэндийн чиглэлд зарцуулах тал дээр дэмжиж байгаа. Гэхдээ Төсвийн хуулиараа Сангийн яамныхан үүн дээр чухал зүйл хэлээд байгаа юм. Төсвийн орлогыг аль нэг этгээд эсвэл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх зарчимд таны хэлсэн заалт нийцэхгүй байгаа юм. Тиймээс бид хассан шүү.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-06-23





