Энэтхэгийн Гадаад хэргийн сайд газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа www.gogo.mn
Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар тус улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа.
Уг үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд хотод баригдаж буй юм.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав.
Тэрбээр үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсралтууд эхэлсэн гэдгийг онцоллоо.
Мөн үйлдвэрийн гол байгууламж болох нэрэх цамхгийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд буусныг угсарч эхэлсэн байна.
Сонирхуулахад цамхгийн өндөр нь 58,4 метр, диаметр нь 3,2 м, жин нь 245 тонн аж. Мөн 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай байна.
Гадаад хэргийн сайд С.Жайшанкар төслийн явцын талаар мэдээлэлтэй байсан ч өөрөө газар дээр нь ирж танилцсандаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Нийтэлсэн огноо2026-06-23





