Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ www.news.mn
Увс аймгийн Тэс суманд малын гоц халдварт, хүн, малын хамтын эмгэг болох боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж, голомтын бүсэд хариу арга хэмжээг шуурхай авч эхэллээ. Халдвар авсан иргэн одоогоор Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байна. Тархвар судлалын тандалт, судалгаагаар тухайн иргэн 2026 оны зургадугаар сарын 15-ны өдөр үхсэн хоньтой харьцах, устгах үедээ халдвар авсан байх өндөр магадлалтай байгаа аж. Улмаар өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлгийн байгууллагад хандсаны дагуу 2026 оны зургадугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд молекул биологийн PCR шинжилгээ хийхэд хариу нь "эерэг" гарч, халдвар албан ёсоор батлагджээ.
Одоогийн байдлаар өвчлөл бүртгэгдсэн голомтын бүсэд Увс аймгийн Зооноз өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн байгууллагын хамтарсан баг шуурхай ажиллаж байна.
Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.
Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:
Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах;
Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх;
Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлгийн байгууллагад хандах;
Үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах, газар шорооны ажил хийхдээ хамгаалах хувцас өмсөж занших, арьсаа шалбалах, гэмтэхээс болгоомжлох;
Шалтгаангүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй, ил задгай хаяхгүй байх;
Мэргэжлийн байгууллагад хандаж мал үхсэн шалтгааныг тогтоолгох.
Нийтэлсэн огноо2026-06-23





