Хүүхдийн хорт хавдар судлалын олон улсын нийгэмлэгийн Ерөнхийлөгчтэй уулзав www.montsame.mn
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хүүхдийн хорт хавдар судлалын олон улсын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Геворг Тамамяныг энэ сарын 29-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хүүхдийн хорт хавдар судлалын олон улсын нийгэмлэгийн Азийн бүсийн 18 дахь конгрессыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид хүүхдийн эрүүл аж төрөхүй, хүүхдийн эрүүл мэнд, хорт хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхыг сайжруулах, хүүхдийн хорт хавдрын эсрэг дэлхийн санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл, санал солилцов.
Ерөнхийлөгч Геворг Тамамян Монгол Улсад 55 орны 300 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж энэ удаагийн конгресст оролцсоныг мэдээлж, хорт хавдартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд туслах, энэ чиглэл дэх олон улсын платформын хүрээнд бүхий л талаар хамтарч, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.
Туул.Б
Нийтэлсэн огноо2026-06-30





