Санхүүгийн зохицуулах хорооны 2026-2029 оны стратеги төлөвлөгөө батлагдлаа www.montsame.mn
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.06.29-2026.07.05)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 13.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5.6 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Голомт Банк ХК, Хаан Банк ХК, Инвескор ББСБ ХК, Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Эм Жи Эл Акуа ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 3 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:
• Голомт Банк ХК-ийн (GLMT) 500 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 1285 төгрөгөөр, нийт 736.6 сая төгрөгөөр; үнэт цаас 250 сая төгрөгийн үнийн дүнтэй;
• Инвескор ББСБ ХК-ийн (INV) 30,865 ширхэг үнэт цаасыг нэгжийн 8,100 төгрөгөөр, нийт 250.0 сая төгрөгөөр; үнэт цаас 291.5 сая төгрөгийн үнийн дүнтэй;
• Эм Жи Эл Акуа ХК-ийн (MGLA) 1.1 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 215 төгрөгөөр, нийт 250.0 сая төгрөгөөр; үнэт цаас 250 сая төгрөгийн үнийн дүнтэй тус тус арилжаалагджээ.
Монголын хөрөнгийн биржийн индексүүд долоо хоногийг уналттай өндөрлүүллээ. TOP-20 индекс 1.43%-иар буурч 51,773.38 нэгжид хүрсэн нь тэргүүлэгч хувьцаанд эрэлт сулран, ашиг авалт давамгайлсныг харууллаа. MSE A индекс 0.28%-иар буурч, дунд ангиллын компаниудын хувьцаанд мөн бага зэргийн худалдан борлуулалт ажиглагдсаныг илэрхийлж байна. MSE B индекс 0.56%-иар буурч, жижиг үнэлгээтэй компаниудын хувьцаанд арай илүү хэмжээний ашиг авалт хийгдсэнийг харуулав. Харин FTI индекс цорын ганц эерэг гүйцэтгэлтэй байж, 0.18%-иар өссөн нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэлгээ харьцангуй тогтвортой, бүр бага зэрэг өссөнийг илтгэж байна.
Нийт дүнгээр зах зээлийн хөдөлгөөнөөс харахад хөрөнгө оруулагчид ерөнхийдөө эрсдэлээс татгалзаж, ялангуяа тэргүүлэгч болон томоохон үнэлгээтэй компаниудын хувьцаанаас гарах хандлага давамгайлсан бол хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүд харьцангуй тогтвортой байдлыг хадгалсан дүр зураг ажиглагдлаа.
РИО ТИНТО БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОХИРУУЛАХ ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ
Рио Тинто компани болон Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн төслийн хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг тохируулах талаар тохиролцоонд хүрлээ. Мөн Entrée уурхайн талбайн эзэмшлийн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхээр хамтран ажиллахаар тохиролцож, ногдол ашиг хуваарилах хугацааг урагшлуулахаар шийдэв.
• Тохиролцооны цар хүрээ: зээлийн хүү тохируулах, Entrée-ийн эзэмшлийн асуудал шийдвэрлэх, ногдол ашгийн хугацаа урагшлуулах
• Уурхайн үйлдвэрлэлийн зорилт (2028-2036): жилд дунджаар ~500 мянган тонн зэс
• Ажилтны тоо: ~17,000 (97.8% нь монгол ажилтан)
• Улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж (2010 оноос хойш): 6.1 тэрбум ам.доллар
Рио Тинто-гийн Зэсийн салбарын Гүйцэтгэх захирал Кэти Жексон энэ тохиролцоог 5 дугаар сард удирдлагын хөлсний талаар хүрсэн зарчмын тохиролцоотой хамтад нь Оюу Толгойн урт хугацааны амжилт, талуудын түншлэлийн амлалтыг харуулж байна хэмээн тэмдэглэв.
Хөрөнгийн зах зээлийн хувьд энэ нь төслийн санхүүгийн тогтвортой, ил тод байдлыг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулан гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг цаашид бэхжүүлэх хандлагатай байна.
МОНГОЛБАНК "UNLOCK THE MONGOLIAN ECONOMY" ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн зохион байгуулсан "Unlock the Mongolian economy" өргөтгөсөн хуралдаан 2026 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралдаанд Монголын хувийн хэвшлийн төлөөллийн зэрэгцээ гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч оролцов.
• Хуралдааны нийт хэмжээ: 545 сая ам.доллар (гарын үсэг зурсан гэрээ, санамж бичгийн нийт өртөг)
• Гарын үсэг зурсан баримт бичгийн тоо: 6
• Оролцсон гадаадын хөрөнгө оруулагчид: 120 гаруй
• Шинэ оролцогчид: Singapore-ийн Phillip Capital сан, Унгарын OTP банк
Хуралдааны эхний өдөр талууд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны зургаан гэрээ, санамж бичигт гарын үсэг зурснаас гадна Сингапурын Phillip Capital сан Монголд оффисоо нээхээр шийдвэрлэсэн бөгөөд Унгарын OTP банк Монголд салбар байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд Н.Учралд гардуулсан нь гадаадын банк санхүүгийн байгууллагуудын дотоодын зах зээлд үзүүлж буй сонирхол нэмэгдэж байгааг илтгэлээ.
OTP банкны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф банкныхаа зүгээс Монголын зах зээлд ажиллах болвол томоохон төслүүдэд санхүүжилт олгох, ипотекийн бүтээгдэхүүн санал болгох сонирхолтой байгаагаа илэрхийлсан ба одоогийн эрх зүйн орчныг бүрэн таатай гэж дүгнэхэд эрт байгаа ч Засгийн газар, Монголбанк холбогдох хууль эрх зүйг либералчлах бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь тэдний хувьд боломжийг нэмэгдүүлж байгааг тэмдэглэв.
Хуралдаан нийтдээ хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бүсийн болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн шинэ боломжуудыг тодорхойлох зорилготойгоор амжилттай явагдсан бөгөөд гадаадын санхүүгийн байгууллагуудын Монголын зах зээлд үзүүлж буй сонирхол өсөж байгаа нь дотоодын хөрөнгийн болон банкны салбарт цаашид эерэгээр нөлөөлөх хандлагатай байна.
СЗХ-НЫ 2026-2029 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулалтын салбаруудын хөгжлийг дэмжин, олон нийтийн итгэлийг хүлээсэн тогтвортой санхүүгийн зах зээлийн тогтолцоог бий болгох зорилгын хүрээнд "Стратеги төлөвлөгөө 2026-2029"-ийг шинэчлэн баталлаа. Уг төлөвлөгөө нь 3 тэргүүлэх чиглэл, 6 стратегийн зорилгын хүрээнд нийт 40 арга хэмжээг хамарч байна.
* Тэргүүлэх чиглэл 1: Санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг хангах
• Санхүүгийн зах зээлийн гүнзгийрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах, хөрөнгө оруулагч болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлэх арга хэмжээнүүд тусгагдсан. Мөн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан (REIT)-ийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, ногоон болон тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүнийг дэмжих, санхүүгийн технологийн инновацыг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдэд анхаарал хандуулна. Санхүүгийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд кибер аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт зохицуулалтын шинэ арга хэрэгслийг нэвтрүүлэх, зах зээлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтууд дэвшүүлжээ.
* Тэргүүлэх чиглэл 2: Олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх
• Зах зээлд оролцогчдын засаглал, чадавхыг бэхжүүлэх замаар системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд багтсан байна. Тодруулбал, компанийн засаглалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, санхүүгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилтууд тусгагджээ. Үүнтэй зэрэгцэн хүний нөөц, санхүү, үйл ажиллагааны шаардлагыг оновчтой болгох чиглэлээр мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулах, зохицуулалтын байгууллагуудын хүний нөөцийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх арга хэмжээнүүд хэрэгжинэ.
* Тэргүүлэх чиглэл 3: Тасралтгүй хөгждөг байгууллага байх
• Хорооны байгууллагын чадавх, нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлыг шинэчлэх, мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх, дотоод аудитын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, их өгөгдөл болон хиймэл оюун ухаанд суурилсан судалгаа шинжилгээний арга хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүд тусгагдсан. Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хүрээнд гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилтууд дэвшүүлжээ.
Энэхүү стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн эрх зүйн болон зохицуулалтын орчин улам боловсронгуй болж, дэвшилтэт технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжих таатай нөхцөл бүрдэх төлөвтэй байна. Мөн эрсдэлд суурилсан хяналт зохицуулалтын тогтолцоо бүрэн төлөвшиж, санхүүгийн салбарын тогтвортой байдал бэхжих юм.
Батболд.Ш
Нийтэлсэн огноо2026-07-06





