Европын холбооны хоригт орсон Чингис хаан банкны улс төрийн хамаарал www.news.mn
Монголбанк удтал чандлан нууцалсны эцэст арилжааны Чингис хаан банк дайн санхүүжүүлсэн гэдэг үндэслэлээр Европын холбооны хоригт орсон гэдгийг зарлав.
Энэ талаар мэдээлэл анх зургаадугаар сард олон улсын хэвлэлд гарсан. Агуулга нь Европын холбооноос ОХУ-ын эсрэг хэрэгжүүлэхээр зэхэж буй хориг арга хэмжээний 21 дэх багц арга хэмжээнд Монгол Улсын нэр бүхий банкууд багтсан тухай байсан. Тодруулбал, Украины дайнтай холбоотойгоор олон улсын хоригт орсон Оросын иргэд, компаниудад үйлчилгээ үзүүлсэн эсвэл хоригийг тойрч гарахад нь тусалсан гэх үндэслэлээр Киргиз, Монгол, Энэтхэг улсын нийт дөрвөн банк, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын газрын тосны таван компани, Беларус, Гүрж, Нигери, Панам, АНЭУ, Маршаллын арлуудад бүртгэлтэй крипто арилжааны 11 платформуудыг мөнгө угаах, замаар дайны санхүүжилтэд оролцсон гэж үзсэн. Ингэхдээ Монгол Улсын арилжааны хоёр банкны асуудал байх магадлалтайг хөндсөн юм.
АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын чуулганы хуралдааны үеэр энэ асуудлыг хөндсөн. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Мөнгө угаах, дайныг санхүүжүүлэх асуудал маш ноцтой. Төв банк зохицуулагчийн үүднээс дүрэм, журмыг чанад мөрдүүлэх чиглэлийг арилжааны банкнуудад өгч ажиллаж байгаа. Би Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш хоёр удаа албан мэдэгдэл, чиглэл өгч, хатуу зарчим барьж ажиллах шаардлага хүргүүлсэн. Таны ярианд дурдсан хоёр банкны талаар албан ёсны захидал, мэдэгдэл ирээгүй. Бид мэдээ гарсан даруйд Европын холбооноос тодруулсан. Хариулт нь, танай банкнуудын 2022 оноос хийгдсэн гадаад гүйлгээ тэр дундаа ОХУ-тай хоригийг тойрч оролцсон байж магадгүй гүйлгээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Нэг банкны асуудал яригдаж байна. Банк, санхүүгийн системд чинь нөлөө үзүүлэх үр дагаваргүй тул бид албан бичиг, мэдэгдэл хүргүүлээгүй гэсэн” хэмээн тайлбар хийгээд байсан юм.
Тэгвэл энэ удаад Монголбанкнаас Чингис хаан банкны талаар албан ёсны мэдэгдэл гаргаад буй. Энэхүү хориг нь зөвхөн Чингис хаан банканд хамаарах бөгөөд Монгол Улс, банкны систем, санхүүгийн салбарт бүхэлд нь чиглэсэн арга хэмжээ биш болохыг Европын Холбооны эрх бүхий байгууллага албан ёсоор мэдэгдсэн гэдгийг дурджээ.
Чингис хаан банк ч өөрийн албан ёсны цахим хуудастаа "ОХУ-ын ОАО Россельхоз банк, ТрансКапитал банк, Сбербанк, зэрэг банкуудтай гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, валютын арилжаа, банк хоорондын зээл, хадгаламж зэрэг чиглэлээр түншийн харилцаатай ажиллаж рубль, долларын арилжааг тогтмол хийсээр ирсэн" гэдгээ дурдсан байна.
ЧИНГИС ХААН БАНК ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СОНИРХЛЫГ ТАТСАН
Ямартай ч энэхүү үйл явдлаар Монголын хяналтын байгууллагууд зарлаж чадахгүй байсан асуудалтай арилжааны банкуудын нөхцөл байдал Евро комиссын хориг арга хэмжээгээр ил болж байна.
Уг нь Чингис хаан банкны санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн нь аль 2018 онд Хөгжлийн банк, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн мөнгө сох дутсанаар ил болсон. Үүнийг Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Сангийн сайд нар гэрчилдэг. Тухайлбал, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар 2021 онд анх “Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байна" гэх ноцтой мэдэгдлийг хийж байлаа.
Үүнтэй зэрэгцэн Монголбанк Чингис хаан банкны эрсдэлийг үнэлсэн. Улмаар дампуурах эрсдэлд орсон гэж үзэн, тогтворжуулах арга хэмжээ авч эхэлсэн. Зарим эх сурвалжууд шууд дампуурлыг зарлуулж, Төв банкнаас Банкны эрх хүлээн авагч томилох ёстой байсан гэж шүүмжилдэг.
Өөрөөр хэлбэл, тэр өдрөөс эхлэн Чингис хаан банк шууд Төв банкны хяналтад орсон гэж ойлгогдсон. Гэвч мөнгө угааж, дайн санхүүжүүлж байсан нь энэ удаагийн үйл явдлаар ил болов. Харин энэ хугацаанд Монголбанк Чингис хаан банкны санхүүг хянаж чадсан гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.
Чингис хаан банкны НДС, ЭМДС, төрийн өмчит компаниудад нийт 130 тэрбум төгрөг төлөх ёстой. Өр төлбөрөө үл хөдлөх хөрөнгүүдээр бартердах маягаар бага багаар төлж байгаа гэх. Энэ удаагийн санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж эхэлсэн байдаг. Тухайлбал, 2023 онд Өвөрмонголын уул уурхайн тоног төхөөрөмжийн компани Чингис хаан банканд хөрөнгө оруулах саналаа илэрхийлж, хэлцэл хийж эхэлсэн гэдгийг Төв банкныхан мэдээлж байлаа.
САНГИЙН САЙД АСНЫ ХАМААРАЛ
Сангийн сайдаар 5 жил ажиллаад, энэ онд буусан УИХ-ын гишүүн Б.Жавхланг тус банктай хамаарал бүхий гэж үздэг. Энэ талаарх мэдээлэл Чингис хаан банкны эзэд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сан, улсын төсөв, төрийн өмчит хуулийн этгээдээс 140 орчим тэрбум төгрөг завшсан асуудал ил болсноор гарч ирсэн. Хөгжлийн банкны хулгай илрэх үед УИХ-ын түр хорооны гишүүн Ц.Даваасүрэн хэдхэн сарын өмнө мөн тус банкийг хүндрэлд оруулсан гол буруутнуудын нэг нь Сангийн сайд Б.Жавхлан гэж зарласан байдаг. Үүнтэй зэрэгцэн Хөгжлийн банкнаас авсан зээлээ огт төлөөгүй компаниудын дотор Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий Чингис хаан банк байгааг дахин зарласан. Чингис хаан банкны Хөгжлийн банкнаас авсан зээл 49.7 тэрбум төгрөгт хүрч, чанаргүй ангилалд багтаад удаж байгаа. Зээл авсан цагаасаа хойш эргэн төлөлт огт хийгээгүй гэдгээрээ зартай. Тиймээс Сангийн сайдыг Хөгжлийн банкны өрөндөө Засгийн газраас баталгаа гаргуулах асуудлыг Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн хамт оруулж ирлээ гэдгийг Ц.Даваасүрэн мэдэгдэж байсан юм.
Төв банкнаас Чингис хаан банкийг төлбөрийн чадваргүй болж, дампуурах эрсдэлд орсныг анх 2020 оны эхэнд зарласан. Тэгвэл Чингис хаан банкны үйл ажиллагаа түүнээс хавьгүй өмнө буюу 2018 оноос доголдож эхэлснийг харилцагчид нь гэрчилдэг. Гэвч Хөгжлийн банк 2019 онд төлбөрийн чадваргүй болсон Чингис хаан банканд 25 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Ийнхүү дампуурах эрсдэлд орсон Чингис хаан банканд олон тэрбумын зээл олгосон асуудлыг Сангийн сайд асан Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай холбон үздэг. А.Соёлмаа “Ньюгоби гэйт” компанийн Чингис хаан банкны хувь эзэмшигч Ц.Баярсайханы нөхөр Б.Батхүүтэй хамтран эзэмшдэг нь ил болсон.
Үүнээс гадна банкны өөр нэг хувь эзэмшигч Ш.Бүтэд нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдон албан тушаалаа өгсөн Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч. Тухайн үед МАН-ын генсек, одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Ш.Лхамсүрэнг Хөгжлийн банкнаас “Мондулаан трейд” компаниараа дамжуулан 17.8 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг шалтгаанаар албан тушаалаас нь шахсан байдаг. Тэр дуулианы ард Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа Чингис хаан банктай хамааралтай гэдэг асуудал дарагдаад өнгөрсөн. Энэ нь Хөгжлийн банкнаас анх 2022 оны нэгдүгээр сард чанаргүй зээлдэгчдийг зарлахад болсон явдал.
Нийтэлсэн огноо2026-07-28





