Чойр–Мандалговь–Арвайхээрийн авто замын төсөл 2028 онд бүрэн дуусна www.news.mn
Чойр–Мандалговь–Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн хэрэгжилтийн талаар Зам, тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч Л.Баярбатаас тодрууллаа.
Тэрбээр "Чойр–Мандалговь–Арвайхээр чиглэлийн 504.29 км урт хэвтээ тэнхлэгийн авто замыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төсөл Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгийн 12 сумын нутгийг дайран өнгөрөх бөгөөд ашиглалтад орсноор Замын-Үүд боомтоос баруун бүс рүү чиглэх ачаа тээвэр Улаанбаатар хотыг дамжихгүй болж, тээврийн зай 200–400 км-ээр богиносох ач холбогдолтой. Улсын төсвийн 2024–2025 оны хөрөнгө оруулалтаар төслийн эхний шатны ажлыг Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймагт нийт гурван байршилд эхлүүлсэн.
Нийт 24.6 км авто замыг 53.9 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр барьж байгаа бөгөөд Өвөрхангай аймаг дахь хэсгийг байнгын ашиглалтад оруулсан. Харин Чойр, Мандалговь чиглэлийн ажлууд 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын комисст хүлээлгэн өгөөд үлдсэн ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Мөн төслийн II багц болох 100.21 км авто замын барилгын ажлыг 2026 оны улсын төсөвт тусгаж, гүйцэтгэгчээр HKB ХХК шалгарсан. Уг ажлыг 2026–2028 онд хэрэгжүүлэх бөгөөд нийт 230.98 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 20.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ажлыг эхлүүлнэ" гэв.
Нийтэлсэн огноо2026-08-10





