Ши, Путин нар “Сибирийн хүч-2” хоолойн төслийг хэлэлцэнэ www.news.mn
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар наймдугаар сарын 31-нд Киргизстаны нийслэл Бишкек хотод уулзаж, “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлжээ. Түүний хэлснээр удирдагчдын уулзалтын үеэр төслийн асуудлыг хоёр талын түвшинд хэлэлцэнэ.
“Сибирийн хүч-2” нь ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх зорилготой, удаан хугацаанд яригдаж буй томоохон төсөл юм. Төлөвлөгөөний дагуу 2,600 км урт хийн хоолой ОХУ-ын Ямалын хийн ордоос Монгол Улсаар дамжин Хятад руу хүрч, жилд 50 тэрбум шоо метр хүртэл хий нийлүүлэх юм.
ОХУ уг төслийг Хятадтай эрчим хүчний харилцаагаа өргөжүүлэх чухал алхам гэж үзэж байгаа бол Бээжин одоогоор төслийн талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.
Ши Жиньпин, Владимир Путин нар Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тус байгууллага энэ онд байгуулагдсаны 25 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Уулзалт Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж, Ормузын хоолойгоор дамжих газрын тосны тээвэрт эрсдэл нэмэгдсэн үед болж байна. Хятад улс газрын тос, байгалийн хийг ОХУ болон Төв Азийн орнуудаас хуурай замын хоолойгоор авах боломжтой тул далайн тээврийн тасалдлын эрсдэлийг бууруулах сонирхолтой байгаа юм.
Нийтэлсэн огноо2026-08-30





