Агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ www.montsame.mn
Монгол Улс, БНХАУ агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, агаарын хөлгийн парк шинэчлэхэд тус улсын “COMAC” корпорацтай хамтран ажиллахыг ЗТЯ мэдээллээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Шанхай хотноо нисэх онгоцны “COMAC” корпорацын Гүйцэтгэх захирал Шэнь Ботой уулзаж, агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөлгийн парк шинэчлэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Энэ үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцаа эрчимтэй хөгжиж буйтай холбоотой агаарын тээврийн хүчин чадлыг нэмэх, нислэгийн шинэ чиглэл нээх, үндэсний агаарын тээвэрлэгчийн паркийг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэжээ. Тухайлбал, орчин үеийн технологийн дэвшилтэт шийдэл бүхий, эдийн засгийн үр ашигтай агаарын хөлгийг ашиглах, агаарын хөлгийн техникийн үзүүлэлт, аюулгүй ажиллагаа, ашиглалтын нөхцөл, засвар үйлчилгээ, хүний нөөц бэлтгэх талаар санал солилцож, хамтран ажиллах боломжийг ярилцжээ.
Салбарын сайд C919 агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, түүнийг харилцан хүлээн зөвшөөрөх зохицуулалт, нислэгийн аюулгүй байдал, хүйтэн уур амьсгал, өндөрлөг нутгийн нисэх буудал зэрэг онцлогт нийцэх, хол зайн туулах чадвар, түлш шатахууны зарцуулалт, онгоцны эд анги, засвар үйлчилгээ, ашиглах явцад үзүүлэх дэмжлэг зэргийг харгалзан Монгол Улсад ашиглах, нутагшуулах сонирхлоо илэрхийлсэн байна.
”COMAC” корпорацын Гүйцэтгэх захирал Шэнь Бо эдгээр санал, хүсэлтийг анхааран, агаарын хөлгийн ашиглалт, техникийн дэмжлэг, засвар үйлчилгээ, боловсон хүчний сургалт, мэргэшүүлэх зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Талууд агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, агаарын хөлгийн парк шинэчлэл, техникийн дэмжлэг, засвар үйлчилгээ, хүний нөөц болон цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар санал нэгджээ.
Зорчигч тээврийн онгоцны төсөл хэрэгжүүлэгч “COMAC” нь нисэх онгоцны үйлдвэрлэл, агаарын хөлгийн туршилт, судалгаа, боловсруулалт хөгжүүлэлт, борлуулалт, ашиглалт түрээсийн үйлчилгээ явуулдаг, Шанхай хотод төвтэй байгууллага юм. Бүрэлдэхүүнд нь Шанхайн Нисэх онгоцны дизайн, судалгааны хүрээлэн, Нисэх онгоцны үйлдвэрлэлийн компани, Шанхайн нисэх онгоцны харилцагчийн үйлчилгээний төв, Бээжингийн иргэний нисэх онгоцны технологийн судалгааны төв, Нислэгийн туршилтын төв, Суурь чадавхын төв, Маркетинг, борлуулалтын төв зэрэг 7 салбар багтдаг ажээ.
“COMAC” корпораци олон улсын агаарын томоохон шоу, үзэсгэлэн, бусад үйл ажиллагаанд “C909”, “C919” загварын бүтээгдэхүүнээ танилцуулсан. Одоогоор “C909” онгоцыг Индонез, Лаос, Вьетнам улсад өргөн ашиглаж байна.
“C909” нисэх онгоц нь 78-97 зорчигчийн суудалтай, 2,225-3,700 км зайг туулах чадвартай, өндөрлөг газрын нисэх буудалд хөөрөлт, буултын үзүүлэлт сайтай, бүс нутгийн нислэгт тохиромжтой бол “C919” загвар нь 158-192 зорчигчийн суудалтай, 4,075-5,555 км зайг туулахдаа шатахуун бага зарцуулах дэвшилтэт технологиор хийгджээ. Мөн тус онгоцонд дэвшилтэт аэродинамик шийдэл, хөдөлгүүрийн систем, материалын технологи ашигласан бөгөөд бүхээгийн дуу чимээ бага, зорчигчийн тав тухыг илүү сайжруулжээ. Тус компани энэ хоёр төрлийн онгоцыг жилд 300-г үйлдвэрлэн, ашиглалтад оруулах боломжтойг мэргэжилтнүүд танилцуулжээ.
Нийтэлсэн огноо2026-09-27





