"Хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногт шийдвэрлэх шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэн" www.news.mn
Хөрөнгө оруулалт, худалдааны газраас өнөөдөр /2026.09.24/ хөрөнгө оруулалтын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.
Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс:
–Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах цогц арга хэмжээг авч эхэлсэн. Түүний нэг нь Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан явдал. Энэ хууль бол хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад томоохон бодлогын шинэчлэл болсон. Хөрөнгө оруулалтын тухай болон Зөвшөөрлийн тухай хууль, мөн бусад дагаж мөрдөх 89 хуульд өөрчлөлт орсон нь бодлогын хэмжээнд томоохон шинэчлэл болсон. Энэ хууль долдугаар сарын 3-нд батлагдаж, наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлж байгаа. Тийм учраас өнөөдөр хөрөнгө оруулалтын сургалт, сурталчилгааг эхлүүлсэн.
Нэг чухал мэдээлэл өгөхөд, говийн бүсэд хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний нээлттэй шалгаруулалт явагдсан. Өмнө нь нэг киловатт цаг нь 15 цент байдаг байсан бол 7.9 цент болж буурсан. Энэ бол түүхэн үйл явдал болсон. Энэ нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад эерэг дохио болсон.
Эдийн засгийн эрх чөлөөний хуульд гол зарчмын асуудлыг тусгаж өгсөн. Засгийн газар бизнес эрхлэхгүй, бизнесийн орчныг бүхий л боломжоороо дэмжинэ. Ямар нэгэн хүнд суртлыг хязгаарлана. Бизнесийн үйл ажиллагааны давхардсан хяналт, шалгалтыг давхардуулахгүй байх зэрэг олон зарчмыг Эдийн засгийн эрх чөлөөний хуульд зааж өгсөн. Мөн дагалдах хөрөнгө оруулалтын 20 орчим хуульд өөрчлөлт хийсэн. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 гэсэн заалт байдаг. Тухайн заалтад сэргээгдэх эрчим хүч, дата төвд хөрөнгө оруулбал сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх хэрэгжих заалт мөрдөгдөж байгаа. Үүнд мөн барилгын салбар болон соёлын бүтээлч салбарууд, шинэ инновац шингэсэн салбарууд хамаарагдаж байгаа.
Ерөнхийдөө хуулиар дараах том асуудлыг шийдсэн. Хөрөнгө оруулалтын хэлбэрийг өргөжүүлж өгсөн. Үйлдвэр, машин механизм, технологи дамжуулах, барилга байгууламжийн үндсэн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтын хэлбэр гэж үзэж байгаа. Оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээсэн. Мөн хөрөнгө оруулагчийн гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлүүлэх алхмууд нээгдсэн байгаа. Өнөөдрөөс эхлэн хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагааг эхлүүлж байна.
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан:
–Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь Засгийн газрын тогтоолоор 2023 онд байгуулагдсан. 2026 оны долдугаар сарын 3-ны Хөрөнгө оруулалтын тухай хуулиар манай байгууллагын чиг үүрэг хуульд заагдаж, чиг үүрэг илүү тодорхой болсон. Чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад үйлчлэх, хөрөнгө оруулалттай холбоотой статистик мэдээллийг гаргах, мөн гомдол, саналыг шийдвэрлэх гэсэн чиг үүргүүд нэмэгдсэн. Энэ чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалтын гомдол төвөгтэй асуудал болсон. Бидний хувьд энэ тал дээр илүү төвлөрч ажиллахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтыг шинээр татахын тулд одоо байгаа хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжийг өндөр байлгаж, гомдлыг нь түргэн шуурхай шийдвэрлүүлэх хэрэгтэй. Гомдол, саналтай хөрөнгө оруулагчдын асуудал шийдэгдэхгүйгээс бид шинэ хөрөнгө оруулагчдыг татах боломжгүй болох эрсдэл өндөр. Улсын тоонд ордог.
Өнөөдрийн байдлаар Эдийн засгийн хөгжлийн яаманд 50 гаруй гомдол ирсэн байна. Манайх үүнээс энэ онд ирсэн есөн гомдлыг хүлээж авсан. Энэ хүрээндээ бид ажиллах болно.
Хууль хэрэгжсэнээс хойш манай байгууллагад гурван гомдол ирсэн. Хуульд заасны дагуу 30 хоногт шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэхээр холбогдох төрийн байгууллагаас мэдээлэл авна. Үүн дээр үндэслэж зөвлөмж, дүгнэлтийг хүргүүлнэ. Үүний үр дүнд хийсэн ажлууд, манайхаас өгсөн зөвлөмжийн дагуу ямар арга хэмжээ авсан талаар эргээд манай байгууллагад мэдэгдэх ёстой гэсэн хуулийн заалтуудыг хуульд тусгасан байгаа. Гомдлыг шийдвэрлүүлэх хугацаанд зөвшөөрөлтэй холбоотой орон нутгийн засаг захиргаа саад үзүүлж байна гэх мэт гомдлууд ирсэн. Үүнийг Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцсэн байгаа. Манай дээр хүлээж авах боломжгүй асуудлууд байгаа. Хоёр хувийн хэвшлийн хоорондох асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Төрийн байгууллага болон албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаа болон эс үйлдэхүйн талаар гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжтой.
Нийтэлсэн огноо2026-09-24





