ОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна www.news.mn
ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод байрлах Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн осол гарч, аюултай байж болзошгүй халдвар алдагдсан. Энэ ослын дараа нэг судлаач нас барсан бөгөөд эрх баригчид хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна. Тус судлаачийг гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаагаар нас барсан гэж үзэж байна. Лабораторит яг ямар халдвар алдагдсан нь одоогоор тодорхойгүй байгааг халдварт өвчний асуудал хариуцдаг төрийн байгууллага Роспотребнадзор мэдээлжээ. Тус байгууллагын мэдээлснээр, Эрхүү муж, Эрхүү болон Шелехов хотуудын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал тогтвортой байна.
Нас барсан ажилтан нь 28 настай эмэгтэй байсан бөгөөд тахлаар амиа алдсан байх магадлалтай гэсэн мэдээллийг өмнө нь Буриад улсын тэргүүн Алексей Цыденов өгөөд байв.
Түүнчлэн Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев иргэдийг тайван байхыг уриалаад, бүс нутгийн халдварын эсрэг комиссын ээлжит бус хурлыг зохион байгуулсан гэж мэдэгджээ.
Лабораторийн ойролцоох хөнгөн цагааны үйлдвэр урьдчилан сэргийлэх үүднээс ажилтнууддаа амны хаалт зүүхийг үүрэг болгожээ. Хөнгөн цагааны үйлдвэрийн захирал Артём Фоминих мөн хүмүүсийг тайван байхыг уриалаад, өөр хоорондоо зөрүүтэй янз бүрийн мэдээлэл, цуурхал тархаад буйг анхааруулсан байна. Тэрбээр "Тогтоогдсон бүх ойрын хавьтал эмчийн хяналтад байгаа. Одоогоор тэдэнд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд лабораторийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан" гэжээ.
Зарим хэвлэлд мэдээлснээр, нас барсан лабораторийн техникчийг хүргэсэн Шелехов хотын эмнэлэгт бараг 200 хүнийг ажиглалтад аваад байна. Мөн дор хаяж нэг амаржих газарт хөл хорио тогтоожээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Нийтэлсэн огноо2026-10-05





