Г.Тэмүүлэн: Орон сууцны захиалгын мэдээллийн нэгдсэн сан байгуулж, иргэдэд нээлттэй болгоно www.itoim.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танилцуулсан гурван асуудлын талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх, мопед, скүүтерийн хөдөлгөөнийг зохицуулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой зохицуулалт хийхээр болжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн "Орон сууцны залиланг зайлшгүй таслан зогсоох шаардлагатай байна. Залилангийн асуудал үүсэж байгаа нэг шалтгаан нь мэдээлэл дутмаг, орон сууцны барилгын явцыг хянах боломжгүй байгаатай холбоотой. Энэ хуулийн төсөл бэлэн болсон. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн барьж, шуурхай хэлэлцүүлнэ. Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн нэгдсэн цахим санг арваннэгдүгээр сарын 15-ны дотор бий болгож, иргэдэд нээлттэй болгоно" гэлээ.
Улсын хэмжээнд барилгын ажил нь дуусаагүй 2170 орон сууц байгаа бөгөөд захиалгын гэрээг давхардуулан байгуулснаас иргэдийн эрх ашиг хохирох тохиолдол гарч байна. Цагдаагийн байгууллагад орон сууцны залилантай холбоотой 173 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд эдгээр хэрэгт 2208 иргэний эрх ашиг хөндөгдөж, 173 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байна.
Иймд барилгын ажил, газар олголт болон баригдаж дуусаагүй орон сууцтай холбоотой мэдээллийг нэгтгэсэн цахим сан байгуулж, иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөжээ. Ингэснээр иргэд орон сууц захиалахаасаа өмнө тухайн барилгын талаарх мэдээллийг шалгаж, өөрсдөө хяналт тавих боломж бүрдэх юм.
Мопед, скүүтерийн хөдөлгөөнд насны хязгаар тогтооно
Улсын хэмжээнд 34 мянга орчим мопед, скүүтер бүртгэгдсэн бөгөөд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг найман аж ахуйн нэгж ажиллаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд мопед, скүүтертэй холбоотой осол, гэмтлийн тоо нэмэгдсэн тул Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, 2025 онд мопед, скүүтер унаж яваад 200 орчим хүн гэмтсэн бол энэ онд 300 орчим хүн гэмтсэн байна. Тиймээс хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор мопед, скүүтер жолоодох насны хязгаарыг тогтоох, тээврийн хэрэгслийн ангилалд өөрчлөлт оруулах зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, 10 хүртэлх насны хүүхдийг эдгээр тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, 18-аас дээш иргэд жолоодох эрхтэй байх зохицуулалтыг хийх аж.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бодлогод анхаарна
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралд танилцуулжээ. Энэ хүрээнд уул уурхай, газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулахад анхаарахаар болжээ. Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тул үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой, бүрэн хангах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсамандыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрээр бус, Засгийн газрын тогтоолоор чөлөөлөх талаар мэдээлэв. Түүнчлэн хууль зөрчсөн байж болзошгүй асуудалд нэр холбогдсон шүүхийн байгууллагын удирдлага болон цагдаагийн байгууллагын зургаан дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Батхуяг МӨНХЗУЛ
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-10-14





