УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Хил цэргийн хамгаалах газар Нөмрөгт гарсан түймрийн буруутныг Мобиком гэж мэдэгдэв www.itoim.mn
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, хилийн онцгой бүсэд орших Нөмрөгийн дархан цаазат газарт 2026 оны аравдугаар сарын 8-ны үдээс өмнө хээрийн түймэр гарчээ. Түймэр дархан цаазат газар нутгийн 80 гаруй хувийг хамарч, Хятадын хилийн зурвас руу тархсан байна.
Хятадын тал түймэр хил давахаас сэргийлж хилийн зурвас орчимд 3,000 гаруй гал унтраах алба хаагчийг дайчилсан бөгөөд түймрийг хил давуулалгүй хязгаарлаж чаджээ. Монголын талаас түймрийг унтраахаар зургаан аймгийн онцгой байдлын алба хаагчид дайчлагдан 3–4 хоног тасралтгүй ажилласан бөгөөд одоогоор түймрийг цурманд оруулаад байна.
Түймэр хилийн бүсэд нэвтэрсэн Мобиком корпорацийн удирдлагуудын санамсар болгоомжгүй үйлдлээс болж дэгдсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи тэргүүтэй хүмүүс аравдугаар сарын 6-нд Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцохоор тус нутагт ирсэн байна. Хил хамгаалах байгууллагаас Мобикомын удирдлагууд болон орон нутгийн иргэд зэрэг нийт 13 хүнд аравдугаар сарын 6–8-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх эрх олгосон байна.
Цахим орчинд УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Хил хамгаалах байгууллагын удирдлага болон Мобикомын захирлуудын зураг тархаж, тэднийг амарч зугаалж явахдаа түймэр дэгдээсэн гэх мэдээлэл гарсан.
Үүний дараа талууд ар араасаа тайлбар гаргасан. Мобиком корпораци удирдлагууд нь хилийн бүсэд нэвтрэх явцад нэг автомашин нь галд автсанаас болж түймэр дэгдсэн гэж мэдээлсэн ч харамсаж буйгаа илэрхийлсэн эсвэл уучлалт гуйсан үг огт хэлээгүй байна.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө түймэр гарах үед тухайн бүс нутагт байгаагүй, Төрийн ордонд чуулганд оролцож байсан гэж мэдэгдэв. Тэрээр тойрогт нь хийгдсэн бүтээн байгуулалтын нээлтэд аравдугаар сарын 6-нд оролцоод буцсан гэжээ.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр "Нээлтийн үйл ажиллагаанд Мобиком, Хил хамгаалах ерөнхий газар, аймгийн ЗДТГ бүгд байсан. Би үүнд оролцчихоод аймгийн төв рүү явсан. Харин тэр хүмүүс үлдэж, цаашаа Нөмрөг явах замдаа гал тавьсан гэж ойлгосон. Гал тавьсан хүмүүс надтай хамааралгүй. Ямар жаахан хүүхдүүд биш. Бие биенээ дагаж явах шаардлагагүй" гэв.
Мөн өчигдөр Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд нийт 13 хүн, 5 машинд хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосноо дурдаад "УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нар аравдугаар сарын 6-ны өдөр арга хэмжээний нээлтэд оролцоод Дорнод аймгийн Халхгол сумаас буцсан бөгөөд түймэр гарах үед тухайн газар оронд байгаагүй болно. Хилийн бүсэд нэвтэрсэн иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас гал гарч, хээрийн түймэр дэгдсэн" гэж мэдэгджээ.
Товчхондоо, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон Хил хамгаалах байгууллагын удирдлага Нөмрөгийн дархан цаазат газрыг гал түймэрт автуулсан хэрэгт өөрсдийгөө буруугүй хэмээн, Мобиком корпорацийн удирдлагуудыг шууд буруутгасан өнгө аяс ажиглагдав.
Өнөөдрийн байдлаар Мобиком корпорациас нэмэлт тайлбар, уучлалт гуйсан мэдэгдэл гараагүй байна. Мөн Мобикомын гол хөрөнгө оруулагч Японы KDDI группээс ямар нэгэн шийдвэр гаргаж, арга хэмжээ аваагүй байна.
Галын шалтгаан, нөхцөлийн дүгнэлт болон түймрийн улмаас экологи, эдийн засагт учирсан хохирлыг тогтоох хууль хяналтын байгууллагын шалгалт эхэлсэн байна.
Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-10-14





