Авлигын гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсчээ www.news.mn
Прокурорын байгууллага Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авлигын гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг тогтмол судалж, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хүрээнд прокурорын байгууллага 2026 оны III улирлын байдлаар авлигын 1,686 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 85 буюу 5.3 хувиар өсжээ. Үүнээс 1104 буюу 65 хувь нь Нийслэлд, 582 буюу 35 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Мөрдөн байцаалт явуулсан 418 хэргийн 223 буюу 53.3 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 146, хахууль авах, өгөх 71, үндэслэлгүйгээр хөрөнгөжих тав, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах нэг хэрэг байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 247 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 35 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээг авчээ.
Нийтэлсэн огноо2026-10-15





