Оюу толгойн ногдол ашгийн 2 их наядаар хэрэгжүүлэх төслүүд www.itoim.mn
УИХ 2027 оны Төсвийн тухай хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ.
Засгийн газраас 2027 оны төсвийг өмнөх оныхоос 10 орчим их наяд төгрөгөөр тэлэх хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна. Төсвийн гол тэлэлтийг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлэх 3.5 их наяд болон Оюу толгойн ногдол ашгаас орж ирэх 3 их наяд төгрөгийн эх үүсвэрээр бүрдүүлэхээр тооцсон.
Манай улсын нийт төсвийн 90 хувийг урсгал зардал, 10 хувийг хөрөнгө оруулалт эзэлдэг байв. Тэгвэл дээрх хоёр эх үүсвэр нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт 30 орчим хувьд хүрч байгааг Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэв. Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ "2027 оны төсвийн онцлог нь цалин, тэтгэврийн нэмэгдэл болон хөгжлийн төслүүд юм. Хэрэв бид хавар батлуулсан Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд төсвөө баталбал 90 хувь нь урсгал зардал, 10 хувь нь хөгжлийн төсөлд санхүүжих байв. Уг 6.5 их наяд төгрөгийн нэмэгдэлд хөгжлийн төслүүдийг төлөвлөн оруулснаар урсгал зардал 70 хувь, хөгжлийн төсөл 30 хувь болж байна" гэв.
Гэвч Оюу толгойн ногдол ашгаас орж ирэх эх үүсвэрээр хэрэгжүүлэх хөгжлийн төслүүдийг 2027 онд эхлүүлээд нэг жилийн дотор дуусгахаар төлөвлөсөн нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь манай улсын барилгын ажил идэвхждэг улирал ердөө 5 сар үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд томоохон төслүүдийг барьж ашиглалтад оруулах боломжгүй.
Нэг жилийн дотор 100 хувь санхүүжүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн томоохон төслүүд:
300 МВт-ын ДЦС-VI: 400 тэрбум төгрөг (2027–2027). Энэ нь төслийн жагсаалтын хамгийн том дүн бөгөөд 2027 оны нийт санхүүжилтийн 6.9 хувийг эзэлж байна. 300 МВт-ын станцыг ганцхан жилд барих боломжгүй.
15 аймагт баригдах 300 ортой дотуур байр: Тус бүр нь 17.1 тэрбум төгрөг (нийт 256.9 тэрбум төгрөг)-ийн төсөвтэй бөгөөд бүгдийг нь нэг жилд барьж дуусгахаар төлөвлөсөн.
"Ногоон, ухаалаг сургууль" төсөл: Нарийвчилсан задаргаагүйгээр, улсын хэмжээнд нэг жилд хэрэгжүүлэхээр 240.7 тэрбум төгрөг тусгасан.
Нэг жилд дуусгахаар төлөвлөсөн авто замууд (Ихэнх нь эхлэл/үргэлжлэл): Баяндалай–Гурвантэс, Улаангом–100 км, Арцсуурь, Жаргалант–Мөрөн, Ховд–Улиастай, Толбо–Дэлүүн чиглэлийн авто замуудад нийт ~279 тэрбум төгрөг.
Боомтын шинэчлэл: Ханги (63.5 тэрбум) болон Арцсуурь (51.8 тэрбум) боомтуудын шинэчлэл.
Угсаатны зүйн музей (Баруун-Урт): 35.4 тэрбум төгрөг.
Арьс ширний үйлдвэр (Ховд): 42.1 тэрбум төгрөг.
9 аймгийн дулааны станцын үлдэгдэл санхүүжилт: Нийт 508.6 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөс 2027 онд 152.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ.
Гэхдээ Засгийн газар Оюу толгойгоос авах ногдол ашгаар дээрх хөрөнгө оруулалтыг хийхээр улсын төсөвт тусгаж оруулж ирснийхээ дараа иргэдээс санал асуулга явуулж эхлээд байгаа юм. Санал асуулгыг 14 хоногийн хугацаанд явуулж, үр дүнг УИХ-ын ажлын хэсэгт хүлээлгэн өгнө.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-10-21





