Өрсөлдөх чадварын индексээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь аймаг удаалав www.news.mn
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2012 оноос эхлэн жил бүр 21 аймгийн өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр үнэлэн, судалгаа хийж ирсэн. Тэгвэл өнөөдөр “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа.
Энэ онд ерөнхий үнэлгээ Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь аймаг 96.2 оноотойгоор удаалжээ. Мөн Орхон аймаг 92.3, Өмнөговь аймаг 79.8 , Дорнод аймаг 76.5 оноо авч эхний таван байрт шалгарчээ.
Харин Булган аймаг 34.0, Говь-Алтай аймаг 39.4, Завхан аймаг 40.6, Төв аймаг 42.7, Дундговь аймаг 43.9 оноогоор хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна. Гэхдээ энэхүү оноо нь Оноо нь харьцангуй хэмжүүр юм. Тухайн жилийн хамгийн өндөр үнэлгээтэй аймгийг 100 оноо гэж авч, бусад аймгийг түүнтэй харьцуулдаг аж.
2026 оны аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 61.5 болж, 2023 оны 66.6 онооноос 5.2 оноогоор буурсан байна. Үндсэн дөрвөн бүлгийн дундаж оноог 2023 оны үр дүнтэй харьцуулахад бүгд буурсан үзүүлэлттэй байна.
Өмнөх судалгаа буюу 2023 оны үр дүнтэй харьцуулахад Дархан-Уул аймаг гуравдугаар эрэмбээс ахиж, ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн байна. Харин 2023 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Орхон аймаг гуравдугаарт бичигджээ. Дорноговь, Өмнөговь аймгууд эхний дөрвөн байрт эрэмбэлэгдсэн байр сууриа хадгалсан бол Дорнод аймаг зургаадугаар эрэмбээс тавдугаар байрт ахисан байна.
Аймаг тус бүрийн өөрчлөлтийг харвал 21 аймгаас таван аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өсөж, 16 аймгийн оноо буурчээ.
Оноо өссөн аймаг: Дундговь (+9.0), Завхан (+5.0), Дархан-Уул (+4.9), Говь-Алтай (+2.7), Архангай (+1.8).
Оноо хамгийн их буурсан аймаг: Хэнтий (−26.3), Төв (−21.0), Ховд (−14.4), Говьсүмбэр (−11.9), Сэлэнгэ (−11.2).
Харин "Эдийн засгийн тамир тэнхээ" бүлгийн үнэлгээгээр Өмнөговь аймаг 100 оноогоор, "Засаглалын үр ашиг" бүлгээр Дорноговь аймаг 100 оноогоор, "Бизнесийн үр ашиг" бүлгийн үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор, "Дэд бүтэц" бүлгийн үнэлгээгээр Орхон аймаг 100 оноогоор тус тус тэргүүлжээ.
Ийн аймгуудын хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх, тэдгээрийн давуу болон сул тал, өөрчлөлтийг тодорхойлох, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой юм.
Нийтэлсэн огноо2026-11-18





